sonin.mn
 
ВАШИНГТОН./VOA/. Хэт барууны үндсэрхэг үзэлт улс төрч Авигдор Либерман /Avigdor Lieberman/ Израилийн Батлан хамгаалахын сайдын тангарагаа энэ даваа гарагт өргөлөө.
 
Эл үйл явдлыг тус улсын зарим улс төрчид “засгийн газар хэт давруу үзэл рүү улам хазайж байна” гэж дүгнэжээ.
Либерман бол Израилийн хэт барууны үзэлтнүүдийн “Yisrael Beitneu” намын гишүүн бөгөөд тус нам эвслийн засгийн газарт багтдаг аж. Тэрбээр өмнө нь Гадаад хэргийн сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаал хашиж байжээ.
 
Мөн тэрбээр Палестиныг бөмбөгдөхийг дэмжиж, арабчуудын намуудыг үндэсний сонгуульд оролцуулахгүй байхыг хуульчлахыг оролдож байсан бөгөөд Арабын эсрэг хатуу байр суурьтай гэдгээрээ нэрд гарсан хүн юм. Гэхдээ тэрбээр саяхан Ерөнхий сайд Беньямин Нетаньяху-гийн хийсэн “Израиль улс бүх хөрш орнуудтайгаа түүний дотор Палестинтай энх тайвнаар зэрэгцэн орших болно” гэсэн мэдэгдэлтэй санал нэг байгаа гэдгээ даваа гарагт илэрхийлсэн байна.
 
Израиль улс Арабын улсуудын санал болгож буй энх тайван тогтоох санаачилгыг дахин хэлэлцэхэд бэлэн байна гэж Нетаньяху мэдэгдэж байсан билээ.
Ийнхүү нөхцөл байдлыг намжаахад чиглэсэн аядуу зөөлөн агуулгатай хэд хэдэн мэдэгдлийг барууны үзэлт Израилийн засгийн газар хийсэн боловч Палестины хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “хэт үндсэрхэг үзэлтэн Либерманы хэт давруу үзэл нь солиорол болж хувирсан" гэж дүгнэжээ.
 
Д.Нямтулга 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг