sonin.mn
Дэлхийн газар нутаг, улс орны гуравны нэгийг байлдан эзэлж, Монголын эзэнт гүрнийг байгуулж чадсан Их эзэн Чингис хааны тухай дэлхийн улс түмний дунд тархсан үлгэр домог олон байдаг ажээ.
 
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж, Чингисийн том хүү Зүчи хаан, түүний үр хүүхдэд олон жил харьяалагдаж байсан газар нутаг бол Дундад Ази болон одоогийн Казахстаны нутаг бүхлээрээ мөн юм. Тиймээс ч Зүчи хааныг Казахстаны Жезказган хотоос баруун хойшоо 45 км-ийн зайтай Хар Кенгир голын зүүн эрэгт оршуулж, өндөр сүрлэг бунхан босгосон нь тохиолдлын хэрэг биш гэлтэй. Чингис хаан бол зөвхөн монгол төдийгүй бүх эсгий туургатан ард түмний хаан байсныг хэн ч үгүйсгэх аргагүй биз ээ. Иймээс миний бие Чингис хааны тухай казахын ард түмний дотор яригдаж ирсэн зарим домгийг үндэслэн энэхүү нийтлэлийг бичсэн болно.
 
I.          ЭЗЭН ЧИНГИСИЙН ДӨРВӨН ХҮҮДЭЭ ХАЙРЛАСАН СУРГААЛ
 
Их эзэн Чингис хаан улс орноо зөв залж жолоодох талаар өөрийн хүүхдүүддээ үнэтэй сургаал хайрласан гэнэ. Тэрээр байлдан эзэлсэн асар том газар нутгаа өөрийнхөө дөрвөн хүүдээ захируулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү дөрвөн хүүгээ дөрвөн улс гүрний эзэн хаанаар өргөмжлөх Их хуралдай зарлан хийлгэв гэнэ. Энэ хуралдай дээр хүухдүүд нь ааваасаа сургаал хайрлахыг хүсчээ.
 
Том хүү нь Зүчи,
-Дэлхий даяараа алдаршсан Их эзэн хаан байя гэвэл яах ёстой вэ? гэж асууж гэнэ.
Чингис хаан,
-Түмэн олны илтгэлийг олохын тулд хаан эзэн ухаантай, тэднээр өөрийгөө аялдуулан дагалдуулахын тулд хаан хүчтэй байх ёстой гэж хариулжээ.
 
Хоёрдахь хүү нь Цагаадай,
-Хаан нэр хүндтэй байхын тулд яах ёстой вэ? гэж асууж гэнэ. Чингис хаан,
-Нэр хүндтэй байя гэвэл хаан суудлаасаа битгий буу гэж хариулжээ.
 
Гуравдахь хүү нь Өгэдэй,
-Хаан суудлаасаа буухгүйн тулд яах ёстой вэ? гэж асууж гэнэ. Чингис хаан,
-Ухаанаараа өөрөөсөө дутуу, шуналаараа ижил хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадвал, хаан ширээнд удаан сууж болно гэж хариулжээ.
 
Дөрөвдэх хүү нь Толуй,
-Хаан алдаршихын тулд яах ёстой вэ? гэж асууж гэнэ.
Чингис хаан,
-Нэр төрийг нь гутаасан хамгийн хайртай хүүгийнхээ амийг ч хороож чаддаг хаан ямагт алдартай байна гэж хариулжээ.
Чингис хааны дөрвөн хүү аавынхаа энэхүү сургаалыг насан туршдаа мөрдпөгө болгож сахисаар тус тусынхаа улс гүрнийг удирдан жолоодох явцад харьцангуй бага алдаа гаргасан гэж үздэг ажээ.
 
II.         ЧИНГИС ХААНД ЗҮЧИЙН ҮХЛИЙГ ДУУЛГАСАН НЬ
 
Чингис хаан том хүү Зүчийд бусад хүүхдүүдээсээ илүү хайртай байжээ. Тэглээ гээд Зүчи аавынхаа үгэнд тэр бүр орж байсангүй. Зүчи (1187-1227) ан агнаж яваад мориноос унаж нас баржээ Зүчийн үхэлд Их хаан өөрөө буруутай гэж үздэг ч домогбий, заналт дайснууд нь Зүчийн амийг хороосон гэж үздэг ч домог бий. Юутай ч Зүчи үхсэн тухай мэдээ Их эзэн Чингисийн Ордонд хүрчээ.
 
Чингисийг Зүчийд хайртай гэдгийг мэддэг хааны хүрээнийхэн үхлийн тухай мэдээг Чингис хаанд хэлж чадахгүй ихэд тэвдсэн гэнэ. Хэрэв Их эзэн Чингис хаан Зүчийг үхсэн тухай хэн нэгэн хүн мэдэгдэх аваас түүний толгойг авах нь гарцаагүй гэдгийг тэд мэдэж байжээ. Ийм нөхцөлд хүмүүс их л хүнд байдалд орж гэнэ. Эцэст нь энэ мэдээг өөрөөлийн хэлбэрээр дуулж сонсгохыг Их Ерөөлчид үүрэг болгож гэнэ. Их хаааны баярлаж цэнгэх тэр орой Их Ерөөлч өвгөн ерөөлөө дуудаж гэнэ.
 
Тэрээр,
Эх нь булингартсан нуурыг
Эвтэйхэн хэн цэвэршүүлэх вэ? хаантан минь
Ёзоороо салж унасан улиасыг
Ёсоор нь хэн босгох вэ? хаантан минь, гэхэд Чингис хаан,
Эх нь булингартсан нуурыг
Эвтэйхэн цэвэршүүлэх Зүчи хүү минь байна
Ёзоороо салж унасан улиасыг
Ёсоор нь босгох Зүчи хүү минь байна гэжээ.
Тэгэхэд нь Ерөөлч эхний дууг давтаж ахин ерөөж гэнэ. Гэвч тэр энэ удаад нүдэндээ нулимстай дуулж гэнэ. Түүний уйлж дуулаад байсныг анзаарсан Чингис хаан,
Нүдний чинь нулимсыг хараахаар
Нууцлаж гашуудсан сэтгэл чинь илт
Зүсэм ерөөлийг чинь сонсохоор
Зүчи хүү минь үхсэн нь илт гэжээ. Тэгэхэд Их Ерөөлч,
Ярихгүй байж боломгүй мэдээг
Яахин мэдээд та өөрөө хэлэв ээ?
Ерөөлөөр дуулж хэлсэн юм чинь Өөрөөр таахын арга ч үгүй биз ээ, хаантан минь гэжээ. Зүчийн үхлийн мэдээг ийнхүү сонсгожээ. Тэгэхэд хэзээ ч нүднээс нулимс гаргаж байгаагүй Чингис хаан учиргүй уйлж гэнэ.
Унагаа алдсан хулангийн адил
Удган хүүгээсээ хагацалаа би
Салж ниссэн хун шувууны адил
Сайхан хүүгээсээ хагацлаа би хэмээн буруу харж хэвтэж гэнэ.
Зүчи хааны бунхан
 
III. ЧИНГИС ХААНЫ ҮР УДАМДАА ҮЛДЭЭСЭН СУРГААЛ
 
Чингис хааны нас дөч гараад даян дэлхийд нэр нь алдаршиж эхэлж байсан үе юмсанжээ. Тэр олон ноёдоо дагуулан ан агнаад явж байжээ. Гэнэт дэргэд нь явж байсан залуу ноён Сүбээдэй,
 
-Бурхан минь, түүнийг хараач ээ гэж баруун зүгт нь байсан өндөр хадны хормой руу заажээ. Өндөр хадан чулуун уулын хормойг даган ургасан шигүү ногоон өвөс, гол дунд нь шивнэн урссан тунгалаг устай горхи байна гэнэ. Эл горхины уснаас ууж зогссон гөрөөсийн бүхэл бүтэн сүрэг байжээ. Салхи эсрэг талаас салхилж байсан учир гөрөөснүүд хүмүүсийн чимээг сонсоогүй ажээ. Хааны баруун гар талд нь явж байсан ноён мөрнөөсөө нум сумаа буулгаж, сүргийн захад зогсож байсан том азарга гөрөөсийг чиглүүлэн шагайж эхлэв.
 
Гэвч Чингис хаан “байз, байз” гэж гараа өргөн түүний сумыг тавиулсангүй гэнэ. Энэ үед хааны хурц нүд өөр нэгэн гайхамшигт тусчээ. Тэрээр эгц урагшаа ширтэн харлаа. Энэ үед хойд талд нь байсан нуурнаас гараад хадны захыг дагаж гөрөөсөн сүрэг рүү таван алд урттай хар эрээн аварга могой аажуухан мөлхөж байж гэнэ. Нөгөө ноён гөрөөс рүү ойртон мөлхөж байсан аварга могойг чиглүүлэн нум сумаа харвах гэтэл, Чингис хаан гараа өргөн дахиад тавиулсангүй гэнэ.
 
Гөрөөснүүд өөрсдөд нь нөмөрч буй үхлийн аюулыг мэдрэв үү, гэнэт чихээ дэлдийлгэн аварга могойг хармагц тал тал тийшээ харайн зугатацгаав. Гэвч тэд хожимдож хөдөлжээ. Могой мушгиралдсан бүдүүн биеэ бүдүүн гэдэс шигээ шийдэж орхив. Тэрхэн агшинд сүргийн захад байсан залуу гөрөөс “бах” гэж хашгирав. Бүх биеэрээ чанга ороосон аварга могойн нэг удаагийн хавчилтаас гөрөөс мултарч чадсангүй. Хоёр дахь удаа хашгирах тэнхээ ч байсангүй зөөлөн яс нь чархиран хугаран гөрөөс амиа алдлаа. Аварга могой түүнийг залгихаар завдав.
 
Түрүүчийн ноён гурав дахь удаа нум сумаа гарган харвах гэв. Чингис хаан энэ удаад ч түүнийг болиулав. Могой түүний толгой талаас нь эхэлж залгих гэхэд гэнэт “пуштааг” гэсэн дуу гарлаа. Хаанаас гарч ирснийг нь бүү мэд, тэнгэрээс унасан чулуу мэт том бүргэд гялс хийж могойн дээр буулаа.
Хоёр аварга том биетэн нааш цааш эргэлдэн ноцолдож байв. Аль нь могой, аль нь бүргэд болохыг ялгах тун бэрх ажээ. Нэг нь газрын том хар эрээн аварга могой, нөгөө нь өндөр уулын үслэг догшин бүргэд болсон хойно яах вэ дээ.
 
Уулын хормойд нэг нэгийгээ зулгаацсан, тэвэрэлдэн тэмцэлдсэн, зогсолтгүй өнхөрөлдсөн, орооцолдсон бөөрөнхий мушгираа л харагдана. Тэнгэрээс буусан бүргэд өөрийн сэлэм шиг хурц үзүүртэй хумсаа могойн хамгийн амин газар шигдээсэн нь лавтай, могой хичнээн чармайн бүргэдийг биеэрээ ороож хавчих гэсэн боловч тусыг эс олов бололтой. Хоёр аварга бие сүү буцлах агшинд ноцолдсоны эцэст аварга могой мушгиралдсан биеэ зөнд нь хаяж чичирэн сунаж амиа алдав. Бүргэд газар сунаж унасан могойн хүзүүг нэг хөлөөрөө дарж, нөгөө хөлөөрөө түүний нурууг дарж байгаад толгойг нь хойш нь мушгин алсныг ноёдууд бүгд харлаа.
Бүргэд могойн толгойг биендээ хүргэсэн ч үгүй. Могойн мушгиралдсан сүүлийн хэсэг нь бүргэдийн биенд орооцолдсон байжээ. Бүргэдийн соёо шиг хурц үзүүртэй хумсууд могойн хүзүүнээс эхлээд хоолойг хавчин амьсгааг боон, ясыг нь бутартал хэмхэлжээ.
 
Тэд могойг алсны дараа залуу гөрөөсийн махыг идэх байх гэж ноёдууд боджээ. Үгүй, тэгсэнгүй. Бүргэд гөрөөсийн махыг тоож ч харсангүй. Тэр амь нь гүйцэд гараагүй чичрэн хэвтсэн могойн биеийг нүд ирмэх зуур тасчин хаяж, махыг нь ховдоглон идэж эхлэв. Могойн махыг цадатлаа идсэн бүргэд холгүйхэн байсан гөрөөсийг хоёр хөлөөрөө өргөн авч том далавчаараа дэвэн хадны оройн хавцал дээр байсан үүр рүүгээ нисэн одов. Том могой таван алд урттай болохын тулд зуун жил шаардахыг мэддэг нэгэн ноён Чингис хаанаас,
 
-Хаан эзэнтээн, саяны бүргэд залуу гөрөөсийн махыг идэлгүй, яагаад хөгширч шөрмөс болсон могойн махаар хооллох болов оо? гэж асуув. Тэгэхэд Чингис хаан,
-Нөхрийн махнаас өстний мах амттай, өстний махнаас заналт дайсны мах амттай байдаг юм гэж хариулжээ.
Үйл явдал үүгээр дууссангүй гэнэ. Чингис хаан өтөлж нас нөхчихөөсөө өмнөхөн бас л анд явжээ. Олон жилийн өмнө тэд явж байсан хадан уулын дэргэд хүрч ирэхэд аль хэдийн ахимаг настны тоонд орсон Сүбээдэй баатар,
 
-Эзэн хаантаан, түүнийг хараач гэж хадны оройг заажээ. Ноёдууд сонирхон тэд хад руу эргэв. Нэг талыг нь хутгаар зүсэж авсан юм шиг хурц ирмэгээр хүрээлүүлсэн нүв нүцгэн хадан уул юмсанжээ. Энэ хадан уулын дунд хэсэгт дээшээгээ мөлхөж явсан гурван алд урттай хар эрээн зүстэй аварга могойг тэд харлаа. Хадтай адилхан шахуу зүстэй тэр могойн аажуухан хөдөлж буйг ноёдууд нүд салгалгүй ширтэн зогсов.
 
Хэрэвзээ доошоо ойчвол тэр могой амьд үлдэхгүй нь ойлгомжтой байв. Түүнийг тийм аюулд ямар хүч түлхсэн бол оо? Тэр хүч бол яах аргагүй өвөг дээдсийн өс хонзон мөн билээ. Энэ мөлхөж буй хар эрээн могой бол олон жилийн өмнө бүргэдэд алуулсан аварга могойн үр удам болох нь тодорхой. Тэр үеийн хадан уул. Тэр үеийн бүргэдийн үүр өвгөөс эцэгт, эцгээс хүүд өвлүүлэн үлдсэн атлаа хорсол, өс хонзон гэж энэ болой. Хөдлөх бүр нь аймшигтай аюул дагуулсан энэ аялалд могойг .түлхсэн өвөг дээдсээс үлдсэн тэр л мөнхийн өс хонзон мөн билээ.
 
Ноёдууд хадан уулын оройд харцаа гүйлгэн харав. Хадны орой ирмэг дэх хавцалд наалдуулан бүргэд үүрээ засчээ. Зуны дунд үе болохоор бүргэдийн зулзагнууд далавчаа дэвэн хараахан нисэж амжаагүй байжээ. Ойртож буй аюулыг мэдэрч байна уу гэмээр, зулзагнуудын содон дуу чимээ хааяа сонсогдоно. Ноёдууд могойн энэхүү аялалын нууцыг одоо л ойлгох шиг боллоо. Энэ могой хөгшин бүргэдийн үр ачаасаа өвөг дээдсийнхээ өшөөг авахаар шийдсэн бололтой. Чингис хааны баруун талд нь ирж явсан нөгөө тэргүүн мэргэн ноён нум сумаа гартаа авлаа. Чингис хаан үүнээс хорин таван жилийн өмнөх зангаараа түүнийг бас л зогсоолоо.
 
Залуу могой “бүргэдийн зулзагнууд ирж байгааг минь мэдээд намайг хүрч очихоосоо өмнө айснаас зүрх нь хагарч үхэх” гэсэн шиг тун аажуухан мөлхөнө. Бүргэдийн үүр хүртэл гуравхан алд зай үлджээ. Могой биеэ сайн хураагаад нэг л гулсахад үүрэнд бараг хүрэхээр байлаа. Тэр одоо хөгшин бүргэдийн үүрэн дэх залуу зулзагнуудын шинэхэн цусыг ууж бахаа ханган өвөг дээдсийнхээ өшөөг авах болно. Могой сүүлчийн гулсалтаараа зулзагнуудын байсан үүрний аманд хүрч ирлээ.
 
Зулзагнуудын орилолдсон дуу одоо л тод сонсогдоно. Мэргэн ноён нум сумаа дахиад гартаа авлаа. Чингис хаан бас л түүнийг зогсоолоо. Могойн толгой бүр үүр зассан хавцал руу орж эхлэв. Яг энэ үеэр том далавчаа дэвэн бүргэд ч хүрч ирлээ. Энэ бол маргаангүй дээр үеийн нөгөө л бүргэд мөн байлаа. Гэвч далавчаа дэвэх нь тэр үеийх шигээ салхи татуулахаар шаламгай биш, хурд саарч хөгширсөн нь илт байна. Гэхдээ анх бий болсон цагаас айж эмээхээ мэддэггүй догшин бүргэд хөгширлөө, хүч тамиргүй боллоо гэж зүгээр байсангүй холоос ядарч ирсэн далавчаа хамаг чадлаараа дэвэн, хадан уулын эгц дээрээс элгээрээ наалдан бууж нэг хөлөөрөө аварга могойн сүүлнээс базаж атган доошоо шийдсэн чулууны адил газар уналаа.
 
Могойн толгой ухасхийн гарч ирсэнээ хар эрээн биеэ суниан дорхноо хураав.
Түүний загасан толгой дээшээ тэмүүлсэн боловч бүргэдийн биенд хүрч амжсангүй. Олон удаагийн тулалдаанд оролцож туршлагажсан бүргэдийн арзгар бүдүүн хумснуудын үзүүр мохсон ч аль хэдийнээ могойн хурц хараатай нүдэнд шигдэж амжжээ. Хоёр том бие ийнхүү наалдан тэвэрэлдсэн чигтээ газар унасан байв. Дахиад нөгөө урдых шигээ амь хайралгүй тэмцэлдэн зулгаацалдан, мушигралдан өнхөрөлдсөн дүр төрх... Энэ удаа залуу могой бүргэдийн биеийн гол дундаас тойруулан бүслээд хавчиж авчээ. Бүргэдийн хумснуудын хүч нь суларч могойн сүүлийн хэсгийг атганаасаа алдчихав.
 
Энэудаагийн мөргөлдөөн удаан үргэлжилсэнгүй. Бүргэд хэсэгхэн хугацааны дараа могойн бүслүүрээс мултран гарч ирэв. Тэр нэг далавчаараа газар дэлсэн аяархан шогшиж дэргэдэх хадан дээр гарлаа. Энэ үед бүргэдийг тавьж явуулсан аварга могой сүүлээрээ газар цохин өөрийнхөө зовлонтой тэмцсээр байлаа. Хадан дээр сууж байсан бүргэд өөртэйгээ тэмцэлдсэн могойноос нүдээ салгасангүй.
 
Тэр дэргэд нь шахуу байсан Чингис хаан тэргүүтэй ноёдоос ч айсангүй. Өөрийн биеийг газарт ч, чулуунд ч цохиж хэвтсэн аварга могой бие нь аажмаар суларч эхлэв. Бүргэд хөдөлсөнгүй. Могой урагдаж шархдсан биеэ сүүлчийн удаа хумхиж суниах шиг болов. Хадан дээр сууж байсан бүргэд тэрхэн үед “пуштааг" гэж дуу алдав. Тэр өргөн том далавчаа дэвэн дээшээ хөөрөх гэж зүтгэсэн боловч угзаараа хугарсан нэг далавч нь түүнд дахиж дэвэх боломж олгосонгүй. Бүргэд доошоо чиглэн уруудан, дөнгөж саяхан өөрөө сууж байсан хадан чулууны иртэй ирмэгт цээжээ цохин дээшээ харан ойчлоо. Тэр хоёр дахь удаа нисэж чадсангүй. Бүргэд сүүлчийн удаа улайрсан нүдээрээ хөх тэнгэр рүү ширтэн ганц хоёрхон удаа эрүүл далавчаа чичиргэн газар цохиод нам гүм болов.
 
Чингис хаан тэргүүтэй ноёд хэргийн газар руу дөхөж очив. Бүргэд нэг хөлний хумсаараа могойн хоёр нүдийг ухаж гарган, нөгөө хөлөөрөө эрүүгий нь таслаад авчихчээ. Аварга могой тамирдсаар байгаад амиа алджээ. Гэвч тулалдаанд мөчөөгөө өгсөнгуй, том биеэрээ бүргэдийн далавчийг хавчин ороож угзаар нь хугалжээ. Могойг амиа тавьж буй тэр мөчид баярлан бүргэдийн гаргасан дуу чихнээсээ гараагүй байсан Чингис хаан,
 
- Энэ бүргэдийн хүсэл мөрөөдөл нь биелжээ. Тэр эхний удаа чадалтай залуу байхдаа өөртэйгээ тэмцэлдсэн дайснаа ялсан. Энэ удаад өөрөө үхсэн ч үр удмаа заналт дайснаас аварч чадлаа. Энэ могойн үр сад том болж өшөөгөө авах болтол тэр өндөр хадны хавцал дахь үүрэнд байгаа зулзагнууд том бүргэд болно. Тэдний өөрсдийн хоорондын тэмцэл эхэлнэ. Энэ хөгшин бүргэд өөрийнхөө ариун үүргээ нэр төртэй биелүүлээд амь насаа алдлаа. Тэд амьд байхдаа үр хүүхдүүдэд аюул учруулж байсан заналт дайсныхаа амийг хороож амжлаа. Ингэж үхсэн бүргэд сүүлчийн удаа хөх тэнгэр рүү баярлан харж далавчаа дэвэн дуу алдлаа. Та нар ч энэ бүргэд шиг байгаарай. Тэгж чадвал энэ бүргэд шиг хорвоог гомдолгүй орхих болно гэж үгээ төгсгөжээ.
 
Энэ сургаал Чингис хааны үр удам хөгжин дэвжиж залгамж халаа нь удаан жил үргэлжлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Алдар нэртэй байсан ямар ч хаан эрт орой хэзээ нэгэн цагт үхэх нь гарцаагүй. Гэвч тэр хааны нэр алдар удаан юмуу богино хугацаанд дуурсагдаж үлдэх нь зөвхөн түүний үр удмын амьдралтай холбоотой. Үр удмынхаа амьдралыг уртасгахад Хаан эзэн өөрийнхөө зорилгоо саяны бүргэдийн адил биелүүлээд үр удмынхаа амьдралыг уртасгаж үхэх үүрэгтэй. Ямар ч заналт дайсан байлаа ч амьд сэрүүндээ түүнийг ялж, хойч үеэ аюулгүй болгох нь чухал гэдгийг их эзэн Чингис хаан сургаал болгон үлдээжээ.
 
Татегийн ЕТЕКБАЙ
(Соёл судлалын ухааны доктор)