sonin.mn
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд сурагчдаас 90 мянган төгрөгийн хандив хурааж байна гэсэн гомдол иргэдээс иржээ.
 
Энэ тухай тодруулахад сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, төгсөгчдийн хандив дэмжлэгээр 400 сая төгрөгийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг сургуулийн удирдлагаас бус төгсөгчид өөрсдөө санаачлан 90 мянган төгрөгийн хандив өгөхийг уриалсан. Ингэхдээ хандивын мөнгө нь сайн дурын үндсэн дээр өгөгдөнө гэдгийг урьдчилж хэлсэн, одоогоор өгсөн хүн алга гэж байв.
 
Тус сургууль Цэцэрлэгмандал аймгийн Арвайхээр уулын хошууны нутаг, одоогоор Тарагт сумын “Үнэгтийн задгай жаргалант” хэмээх газар 1926 онд онд байгуулагдаж байжээ.
 
Түүхэн 90 жилийн хугацаанд 17 мянган сурагчдад оюуны боловсрол олгон төгсгөж, түүх нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын алдартнуудыг төрүүлэн гаргасан хувь нэмрийг нь үнэлж 2015 онд төр  засгаас “Алтан гадас” одонгоор шагнасан юм. Одоогоор тус сургууль 140 гаруй багш, ажилтантайгаар 2500 гаруй сурагчдад боловсрол мэдлэг олгож байна.
 
Сургуулийн хамт олон ойгоо угтаж, Орон нутгийн 130 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гадна, дотно орчин, талбайн тохижилтыг,  Дэлхийн зөн ОУБ-ын 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 00, ариун цэврийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэж байгаа аж. Ой тэмдэглэх өдөр 7 сарын 25-27-д тохионо.
 
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг