sonin.mn
Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Өнөөдөр /2016.05.30/ тус төслийн 2016 оны эхний хагас жилийн удирдах зөвлөлийн хурал боллоо. Уг хурлыг Улсын Их Хрлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар удирдан явуулсан бөгөөд төслийн 2016 оны эхний хагас жилийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцаж, санал солилцов. Тайланг төслийн зохицуулагч Н.Отгончимэг танилцуулав.
Тус төсөл нь 2012-2016 онд Монгол улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ардчилсан засаглалын салбар дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны нэг хэсэг юм.
“Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл Улсын Их Хуралд бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй, сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.