sonin.mn
ИСЛАМАБАД./TASS/. Пакистан улс тавхан минутын дотор Энэтхэгийн нийслэлд цөмийн цохилт өгч чадна гэж тус улсын цөмийн хөтөлбөрийн удирдагч асан Абдул Кадир Хан мэдэгдсэн байна.
 
Тэрбээр өөрийнх нь удирдлага дор Пакистанд цөмийн туршилт хийсний 18 жилийн ойг тэмдэглэх үеэр ингэж хэлжээ. “Манай улс аль эрт 1984 онд цөмийн зэвсэгтэй гүрэн болох боломжтой байсан. Гэвч тухайн үед Ерөнхийлөгч байсан Зия-уль-Хак цөмийн туршилт хийхийг эсэргүүцэж байсан” гэдгийг Хан дурдаад “бид маш хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байж цөмийн бөмбөг хийж чадсан юм” гэжээ. 
 
Пакистаны цөмийн хөтөлбөрийг тус улсын Ерөнхийлөгч асан Зульфикар Али Бхутто санаачлан эхлүүлсэн гэдэг. 1972 оны нэгдүгээр сард тэрбээр Шинжлэх ухаан, технологийн яамыг байгуулж, цөмийн эрчим хүчний Комиссын үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргажээ.
 
Ингээд 1970-аад сүүлч гэхэд Абдул Кадыр Хан тэргүүтэй Пакистаны эрдэмтэд Кахута цөмийн туршилтын төвд уран баяжуулах төхөөрөмжийг ашиглалтад оруулсан байлаа.
 
1974 онд Энэтхэг улс цөмийн туршилт хийх үед Бхутто “бид өвс, навч идэж байсан ч хамаагүй ямар ч байсан атомын бөмбөгтэй болно” гэсэн алдартай үгээ хэлж байв.
 
1987 онд Кахута төвд 10-20 тоннын хүчин чадалтай цөмийн цэнэгийг туршилтын журмаар гарган авсан байна. Гэвч 1998 он хүртэл Пакистан улс цөмийн туршилт хийхээ хойшлуулсаар иржээ. 1980-аад оны сүүлч 1990-ээд оны эхээр Белужистан мужид Чагай гэдэг цөмийн туршилтын талбайг ашиглалтад оруулсан байна.
 
1998 оны 5 дугаар сард Энэтхэг улс ээлжит цөмийн туршилтаа хийснээс хоёрхон долоо хоногийн дараа пакистанчууд ийм төрлийн туршилтыг анх удаа хийжээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг