sonin.mn
УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ сарын 13-нд Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг баталсантай холбогдуулан ШЕЗ-өөс уг ажлыг эхлүүлэхэд бэлэн болсноо өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.
 
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, дээрх заалтын дагуу шүүх шинээр байгуулах бэлтгэлийг бүрэн хангалаа. Хуулий хүрээнд шүүгчийн тоог нэмэхгүйгээр шинээр байгуулах шүүхийн орон тоог шийднэ. Одоогоор аймаг, нийслэлийн Эрүү, иргэний хэргийн завж заалдах шатны 25 шүүхэд  25 ерөнхий шүүгч, 118 шүүгч, захиргааны хэргийн Давж заалдах шүүхэд 1 ерөнхий шүүгч, 15 шүүгч,  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 88 шүүгч, Эрүүгийн анхан шатны 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 74 шүүгч, захиргааны хэргийн анхан шатны  22 шүүхэд 22 ерөнхий шүүгч, 82 шүүгч, сум дундын Иргэний хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 99 шүүгч, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүхэд 21 ерөнхий шүүгч, 72 шүүгч, сум дундын 8 шүүхэд 8 ерөнхий шүүгч, 31 шүүгч байх буюу улсын хэмжээнд нийт 693 шүүгчийн орон тоо хэвээрээ байна. Харин зарим шүүхэд шүүгчийг нүүлгэн, томилолтоор ажиллах зохицуулалт хийнэ гэж мэдэгдлээ. 
 
Мөн энэхүү шинэчлэлт өөрчлөлтөөр Орхон, Дархан-уул аймгаас бусад аймаг бүрт Эрүүгийн болон Иргэний хэргийн танхим бүхий Давж заалдах шатны шүүх байгуулах юм байна. Нийслэлийн 7 дүүрэгт мөн ийм шүүхүүд, хүн амын тоо болон хэрэг, маргааны гаралтаас шалтгаалан Багахангай, Налайх дүүргийн дунд Нэг эрүүгийн  ба Иргэний хэргийн шүүх байхаар тусгажээ. 
 
Өөрчлөлтөөр одоогийн ажиллаж байгаа давж заалдах шатны 19 шүүх 26 болж, дүүргийн 8 шүүх 16 болж, Давж заалдах шатны болоод анхан шатны шүүх нийлээд 99-өөс 115 болж нэмэгдэх юм. 3 аймагт шүүгчийн орон тоо нэмэлгүйгээр Давж заалдах анхан шатны шүүх байгуулна. Ийнхүү шүүхийг өөрчлөхөд 2533,2 сая төгрөг шаардлагтай гэдгийг ШЕЗ-өөс мэдээлээ. 
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг