sonin.mn
 
Facebook-ийг үндэс­лэгч ер бусын зуршлаараа сайрхдагийг та мэдэх үү. Жишээ нь тэрээр “чухал биш” буюу aахуйн тал дээр аль болох бага цаг зарцуулахыг хичээдэг. Энэ нь хувцаслалт дээр нь харагдана. 
 
 
Тэрээр өдөр бүр янз бүрийн сонголт хийхгүй гэсэндээ адилхан саарал өнгөтэй хэдэн арван богино ханцуйтай цамц, жинс бэлэн байлгаж байдаг. Тэрээр энэ санаагаа Стив Жобсоос авсан гэдэг. Тэгвэл суут Эйнштейн ч бас ийм зуршилтай байжээ. Марк өөртөө Facebook-тэй холбоогүй удаан хугацааны зорилт тавих дуртай. 2015 онд тэрээр хоёр долоо хоног бүр нэг ном уншиж байх зорилт тавьжээ. Тэрний өмнө хятад хэл сурах зорилго тавиад тун амжилттай дуусгасан юм. Одоо тэрээр хятад оюутнуудад хятад хэлээр чөлөөтэй лекц уншдаг. Цукерберг зөвхөн гэртээ, өөрийн гараар бэлдсэн кофе уудаг. Түүний нэг мөрөөдөл нь гэртээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх. Марк өглөө бүр хятад ном таамгаар сөхөж тэр өдрийнхөө аз, хийморийг үздэг зуршилтай. “Зүгээр л зугаатай санагддаг болохоор л” гэж үүнийгээ тайлбарлажээ.
 
Орчин үеийнхэн Стив Жобсыг тоон хувьсгал, технологийн эцэг хэмээн нэрлэдэг. Жобс залуудаа хиппи байжээ. Тэрээр унтахгүй байхыг туршиж үзэж байсан гэдэг. Мөн албаар өлсөж, зөвхөн жимсээр хооллож, хүний оюун санааг удирдах аргад суралцаж байжээ. Коллежид байхдаа Энэтхэгийн шидтэн Нима Бабад шавь орж, халзан болоод Энэтхэг рүү одож байв. Дараа нь Энэтхэгээс буцаж ирээд Apple компаниа байгуулж дэлхийд танигдсан билээ. 1980-аад онд Жобс өөрийн гэсэн дүр төрхөө дархлахдаа үргэлж шумбагчийнх шиг бариу хар цамц, хөх жинс, пүүз өмсөх болсон юм. Олон хүн Стив Жобс шиг хувцаслахыг хүссэн ч тун амаргүй зүйл байлаа. Учир нь тэрээр Японы мастер оёдолчин Миякид захиалж цамцаа оёулдаг байжээ.
 
Жобс New Balance-ийн пүүз, Levi’s 501 жинс, Германы Lunor маркийн нүдний шил зүүдэг байв. Тэрээр хамгийн сүүлд 2011 онд олон нийтийн өмнө гарч ирэхдээ шумбагчийн цамцан дээрээ VONROSEN фирмийн цамц өмссөн байлаа. Үүний дараа тус фирм Стив Жобсын шүтэн бишрэгчдийн хандалтад дарагдаж дийлэхээ болиод сайтаа хааж байжээ.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин