sonin.mn
 
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан Хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. 
 
 
Тус уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, иргэн-цэргийн бахархалын өдөр, үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 05 сарын 28 буюу маргааш Чингисийн талбайд 11:30 цагаас эхэлнэ. 

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг 04 сарын 11-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 анги, байгууллагын дунд зохион байгуулав. Харин хоёрдугар шатны шалгаруулалт 05 сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэлээ. Уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлт болгов. Эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм.  
 
Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагууд дөрвөн жилийн хугацаанд нийт 2,8 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцлөө дээшлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.