sonin.mn
 
МОСКВА./TASS/.Атлантын далайгаас Номхон далай хүртэлх бүс нутагт эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уриаллаа.
 
 
Энэ талаарх өөрийн байр суурийг Оросын төрийн тэргүүн Грекийн “Катимерини" гэдэг сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ дурджээ. “ОХУ ба Грек: Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх хамтын ажиллагаа” гэсэн гарчигтай уг өгүүлэл В.Путиний Афинд хийх айлчлалын өмнөхөн дээрх сонинд нийтлэгдсэн байна.
 
“Өнөөдөр ОХУ, Европын Холбоо хоёр салаа замын эхэнд ирээд байна. Бид аль замаар явахыг хүсч байна вэ, бидний харилцааны хэтийн төлөв ямар байх вэ гэсэн асуултад хариулах цаг мөч тулж ирлээ” гэж Оросын Ерөнхийлөгч дүгнэн бичжээ.
 
“Украинд болж буй үйл явдлаас тодорхой дүгнэлт хийж, Атлантын далайгаас Номхон далай хүртэлх өргөн уудам орон зайд эрх тэгш аюулгүй байдлын бүтцэд тулгуурласан эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бүсүүдийг байгуулж эхлэх хэрэгтэй байна” хэмээн В.Путин онцлон дурдсан байна. 
 
Үүний тулд хийх гол алхам бол Европын болон Евразийн интеграцийн үйл явцыг уялдаа холбоотой болгох явдал юм гэдгийг тэрбээр дурдаад саяхан Оросын Сочи хотод болж өнгөрсөн ОХУ-АСЕАН-ны Дээд хэмжээний уулзалтыг жишээ болгон онцоллоо. Энэ уулзалтын үеэр Ази-Номхон далайн бүс нутагт интеграцийн төслүүдийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлуудыг хэлэлцсэн юм.
 
“Буурал тивийнхэн олон улсын шинэ бодит байдалд өөрийн байр суурийг хадгалахын тулд Европын бүх улс орнууд, тэдгээрийн дотор ОХУ-ын чадавх боломжийг нэгтгэх хэрэгтэй” гэсэн санааг Оросын Ерөнхийлөгч В.Путин илэрхийлсэн байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг