sonin.mn
 
Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийг тохиолдуулан өчигдөр буюу энэ сарын 25-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын явагчдын танхимд нисгэгчдийн гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ.
 
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга К.Энхбаяр, Нислэгийн удирдагч Д.Батбаяр, Нисгэгч, “А-Жет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нямбаяр нарын хөх тэнгэрт дүүлэх агаарын хөлөг, эх дэлхийг цэлмэг тэнгэрээс тольдсон зэрэг нийт 60 гаруй бүтээл багтжээ.
 
Нислэгийн хөдөлгөөн удирдах газрын дарга П.Ганболд үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ” Манай салбарын залуус өөрсдийн хүсэл сонирхлоор нисэхийн салбарын хөгжил дэвшил, түүхийг гэрэл зурагт мөнхөлж яваад талархаж байна. Цаашид дахин давтагдашгүй торгон агшнийг буулгасан өшөө олон сонирхолтой зургийн баялагтай болохыг ерөөж, амжилт хүсье” гэлээ. Үзэсгэлэнг сонирхсон хүмүүс уран бүтээлчдэд гэрэл зургийн цомог бүхий ном хийвэл гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд дурсгал болгох сонирхолтой бэлэг болно хэмээн зөвлөж байв.
 
Үзэсгэлэн өнөөдөр 18.00 цаг хүртэл гарах бөгөөд ирэх ням гаригт буюу энэ сарын 29-ний өдөр Бөхийн өргөөнд дахин олны хүртээл болгох аж.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг