sonin.mn
Монголчууд ч оффшороор амьсгалах шиг болж байна даа. Оффшорын “булган сүүлт” нэр аваад байгаа Хятадын Монгол С.Баярцогтын нуусан нэг сая ам.доллар бол одоо оффшор нь илэрч байгаа нөхдийн хажууд ёстой “цайны мөнгө” байж.
 
Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дарханы иргэдэд тайлангаа тавьж байхдаа "Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг нь хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа. Би иргэдтэй санал нэг байна. С.Баярцогт бол төрд гай болж байна. Би түүнд сонгуульд нэр дэвших хэрэггүй. Шалгуул гэж хэлсэн" гэсэн билээ.
 
Ингээд оффшорын асуудал хүндэрч 49 монгол “С.Баярцогтын булган сүүл” болон оффшорт данстай нь илрэх нь тэр. Тэр дунд АН, МАН-ын гишүүд, тэдний үр хүүхэд олноороо орсон байлаа. Гэвч АН-ынхан хөөх танайхан олон байна гээд уг асуудлыг хөөргөн хаа сайгүй хар пиар хийж гарах нь тэр.
 
Энэ дунд АН-ын дарга З.Энхболд оффшор данстай хүмүүсийг тэр дундаа С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн сошиалаар мэдэгдээд бусад намыг уриалаад байсан. Гэтэл түүнийг энэхүү мэдэгдлээ хийгээд хоёр хоноогүй байхад намынх нь бусад томчуудын оффшор данс илрээд эхэллээ.
Ялангуяа сүүлийн хоёр жил гаруй улстөрд хамтран тоглож буй Х.Баттулга нь хүртэл оффшорт данстай байсан нь илэрчихлээ. Тэгэхээр З.Энхболдын нөгөө манай, танай гээд өөрийн намаа бусад намынхантай, нам дотроо найз нөхдөө ялгаад бусдыгаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн уриалаад байсан нь үнэхээр эвгүй байдалд оруулчихлаа.
 
Шинээр оффшорт данстай компанитай нь илэрсэн “Женко” Х.Баттулга гэхэд 255 сая ам.доллартай гэж байна. УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригтын оффшор дахь компани 30 сая ам.доллартай бол “Ажнай” буюу Өмнөговийн жижиг Тавантолгой гэгдэх компанийг хармаалчихсан Д.Бат-Эрдэний компани ч оффшорт бүртгэлтэй аж.
 
Энэ их мөнгөө оффшорт хадгалдаг учраас л Х.Баттулгын компаниуд жил бүр татвар төлсөн дүнгээр нь шалгаруулдаг Монголын топ-100 компаний тоонд багтдаггүй байсан нь ийн тодорхой болж байна.
 
Мөн “Монгол шуудан” банкаа зарсан жилээ хөрөнгө орлогоороо улстөрчдийг тэргүүлж байсан Д.Зоригт оффшорт мөнгөө нууснаар огцом ядуурсныг энэ жилийн хөрөнгө орлогоос нь харж болох мэт. Ийнхүү З.Энхболд тэргүүтэй АН-ынхан оффшорын асуудал дээр үнэхээр хүнд байдалд орлоо.
Энэ нэр бүхий хүмүүсийг С.Баярцогттой адил нэр дэвшүүлэхгүй гэхээр Баянхонгор, Өмнөговь аймгууд Сэлэнгэтэй адил өрсөлдөгч хүчинд бүрэн шилжих магадлалтай юм.
 
Хэрвээ байдал иймдээ хүрэх юм бол Сэлэнгийн АН-ынхан “З.Энхболдыг мулгуу шийдвэрээ буцаахыг шаардсан” шиг дээр дурдсан аймгуудын АН-ынхан ч шаардлага тавих байх. З.Энхболд сүүлийн дөрвөн жилд Монголын улстөрийг муйхар аргаар “залж” ирсэн шигээ нөхөддөө хандах юм бол Х.Баттулга жишээ нь “хармааныхаа нам”-аас нэр дэвшээд АН-ын суудлыг хуваалцах нь тодорхой. Тиймээс энэ удаа З.Энхболд оффшорчиддоо болон бусад өөрийг нь эсэргүүцэгч нарт буулт хийхгүй бол амар явж, амбан суухгүй нь тодорхой боллоо.
 
Энэ маягаар үргэлжилбэл АН-ын томчууд бүгд балрах нь дээ.
 
 
Г.Самбаа