sonin.mn
 
НҮБ-ын Байгаль орчны ассемблейн (НҮББОА) хоёрдугаар Чуулган  энэ сарын 23-нд Кени улсын нийслэл Найроби хотноо нээлтээ хийв.
 
 
Чуулганд дэлхийн 170 гаруй орны байгаль орчны асуудал хариуцсан сайд, дэд сайд болон бусад албаны төлөөлөгч, иргэний нийгмийн байгууллагыг төлөөлсөн 2400 гаруй хүн оролцож байна. Уг чуулганд манай улсаас УИХ-ын гишүүн, тус ассемблейн Ерөнхийлөгч С.Оюун болон НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Д.Дагвадорж нар оролцож байна.
 
Чуулганы нээлтийн хуралдааныг НҮББОА-ийн Ерөнхийлөгч С.Оюун даргалан явуулав. Монгол Улс 2014 онд  болсон НҮББОА-н анхдугаар чуулганаар тус ассемблейн Ерөнхийлөгчийн албаны үүргийг гүйцэтгэх үүрэг хүлээж УИХ-ын гишүүн С.Оюун (тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байсан) НҮББОА-н анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. С.Оюун Ерөнхийлөгч чуулганы ажиллагааг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн хоёр жилийн турш НҮББОА-ийн анхны Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх хугацаанд НҮББОХ-ийн үйл ажиллагааг илүү нээлттэй болгож, дэлхий нийтийн болон бүс нутаг, улс орнуудын хэмжээнд байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, байгаль орчны асуудлаарх олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх талаар ихээхэн ахиц дэвшил гарсаныг тэмдэглэв.
 
Чуулганы нээлт дээр НҮББОХ-ийн Гүйцэтгэх захирал Ахим Штайнер хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар товч тайлан тавьж НҮББОА-н анхны Ерөнхийлөгч С.Оюун ассемблейн үйл ажиллагааг төлөвлшүүлэн тогтоох, өмнөх чуулганаар баталсан байгаль орчны гол гол асуудлаарх тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, байгаль орчны асуудлыг улс орнуудын тогтвортой хөгжлийн нэг тулгуур зорилт болгох, НҮБ-ын болон олон улсын өндөр дээд хэмжээний хурал чуулганд байгаль орчны асуудлыг танилцуулах, холбогдох шийдвэр гаргахад онцгой идэвх зүтгэл гарган ажилласныг тэмдэглэж, НҮББОХ-ын Талархлын бичиг гардууллаа. 
 
Ийнхүү Монгол Улс НҮББОА-ны анхны Ерөнхийлөгчийн албаны үүргийг амжилттай хэрэгжүүлж, дараагийн Ерөнхийлөгчийн албанд ажлаа хүлээлгэн өглөө. Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны бүхий л асуудлаар шийдвэр гаргах дээд байгууллага болох ассемблейг даргалан ажилласан нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг ихээхэн өргөж, дэлхийн байгаль орчныг хамгаалах, өнөө үед дэлхий нийтийн хэмжээгээр нэн хурцаар тавигдаж байгаа байгаль орчны доройтол, байгалийн нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудыг шийдвэрлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн дэлхийн нийтийн хүчин чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан хэрэг боллоо.
 
Чуулган НҮББОА-н дараагийн Ерөнхийлөгчөөр Латин Америк, Карибын бүс нутгийг төлөөлсөн Коста Рика улсын Байгаль орчин, эрчим хүчний сайд Эдгар Гутиэррэз Эспелета санал нэгтэй сонголоо.
 
НҮБ-ын байгаль орчны энэ удаагийн чуулганаар Дэлхийн 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн  байгаль орчны зорилтууд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын хэлэлцээ болон бусад байгаль орчны олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон байгаль орчны гол гол асуудлаар НҮББОХ-ийн зүгээс ойрын жилүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон тогтоол шийдвэрийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.