sonin.mn
 
Аялал жуулчлалын салбар зочлох үйлчилгээний байгууллагуудтай харилцан уялдаатай хөгжих ёстой гэдгийг Нийслэлийн Засаг дараг Э.Бат-Үүл өнөөдөр болсон “Найрсаг Улаанбаатар-2016” танилцуулах уулзалтын үеэр онцлов.
 
Монгол Улс аялал жуулчлалын салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл байна гэж тодорхойлсон ч өдийг хүртэл уриа шинжтэй явж ирсэн. Аялал жуулчлал гэдгийг шууд экспорт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид бүтээгдэхүүнээ тээвэрлэн хил гаргах бус гадны иргэдийг өөрсдийг нь ирүүлээд бараагаа зарна гэсэн үг хэмээн Э.Бат-Үүл дарга хэллээ.
 
Тэрбээр, “Аялал жуулчлал бол агаарын тээвэр, зочид буудал гэх мэт зочлох үйлчилгээний салбартай харилцан уялдаатай ажиллах ёстой. Гэтэл өнгөрсөн хугацаанд ямар ч харилцан уялдаагүй ажиллаж ирсэн. Тухайлбал, аялал жуулчлалын компани жуулчин аваад ирэхээр буудал олддоггүй, орон нутгийн нислэг саармаг, нийслэлд үзэх, сонирхох зүйл цөөн. Үүнээс болж бид жуулчин татах боломжоо алддаг байсан. Энэ алдааг засах зорилгоор бид 2 жилийн өмнө “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд гадаад сурталчилгаагаа өргөжүүлэх, зочлох үйлчилгээг сайжруулах, жуулчдын үзэх, сонирхох зүйлсийн тоог нэмэхэд анхаарч байна.
 
Мөн “Нийслэлийн даншиг”-аас эхлээд соёл урлагийн олон ажлыг эхлүүлсэн. Өмнө нийслэлд жилд 240-250 мянган жуулчин ирдэг байсан бол “Найрсаг Улаанбаатар” хэрэгжиж эхэлснээс хойш 3-6 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр 2030 он гэхэд жилд 5 сая жуулчин авдаг болох зорилт тавьсан. 5 сая жуулчнаас орж ирэх орлогыг нийслэлийн өрхийн тоонд хуваахад 15-25 мянган ам.доллар болж байна. Уул уурхай ч энэ хэмжээний орлого төвлөрүүлж чадахгүй. Өнгөрсөн 3 дугаар сард ХБНГУ-д болсон “ITB Berlin” чуулганы үеэр хийсэн судалгаагаар зөвхөн Герман улсаас л гэхэд 3.5 сая жуулчин Монголд ирэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Бусад орноос ч олон жуулчин татах боломжтой” хэмээв.
 
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд 15 цогц үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд  500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын  ажилтан, 1500 гаруй уран бүтээлч  энэхүү үйл ажиллгаанд хамрагджээ. Үүний дотор 13 орны 190 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд оролцсон байна.
 
Энэ онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Тухайлбал, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн, “Улаанбаатар пиано фестиваль”, “Эвлэх Уянга буюу ер бусын эрчим” этник концерт, “Венийн үдэш” вальс бүжгийн үдэш, “Юби дэнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш, “Плэй тайм-2016” амьд хөгжмийн наадам, “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш зэргийг нэрлэж болох юм. Энэ онд АСЕМ-ын хүрээнд олон улсын хэд хэдэн томоохон хурал болох тул жуулчдын тоо өмнөх оноосоо өсөх магадлалтай гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хэллээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр