sonin.mn
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих таатай орчин бий болгох, ажилд зуучлах, гарааны бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн төрийн бодлогыг тогтвортой, боловсронгуй болгох зорилго бүхий “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо.
 
Швейцарийн хөгжлийн агентлагийн 2.4 сая франк буюу 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий уг төсөл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан зэрэг баруун болон өмнөд бүсийн 7 аймагт хэрэгжих аж.
 
Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд залуусын хөдөлмөр эрхлэлтийн судалгаа явуулахаар төлөвлөсөн байна. Судалгааны үр дүнд тулгуурлан ажлын төлөвлөгөө, төрийн бодлогоо чиглүүлнэ гэдгийг Төслийн нэгжийн захирал Т.Энхтуяа хэллээ.
 
Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2012-2015 онд “Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл”-ийг хэрэгжүүлж, баруун бүсийн амгуудын мэргэжил, сургалтын төвүүдийн чадавхыг бэхжүүлсэн гэдгийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлов.
 
Тэрбээр, Монгол болон Швейцарийн Холбооны Улс 1964 онд дипломат харилцаа тогтоож, ардчилал, зах зээлийн нөхцөлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн. Швейцарийн Хөгжлийн агентлаг 2004 оноос Монгол Улсад хамтын ажиллагааны газраа нээн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
 
“Монгол Улсын Баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төсөл”-ийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, Баруун бүсийн арга зүйн төвийн үйлчилгээг сайжруулах талаар амжилттай ажилласан. Үүний үргэлжлэл болох “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” өнөөдөр нээлтээ хийж байна.
 
Төслийн хүрээн хүрээнд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд шилжих явцад гарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах, мөн ажилгүйчүүдийн эгнээнээс гарах боломжийг нэмэгдүүлэхэд чухал үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
 
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд өнгөрсөн сарын эцэст 143.5 мянга байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн гэсэн судалгааг Улсын бүртгэл, статистикийн газар (УБСГ) гаргажээ.
 
Орон нутагт ажлын байр хомс байдаг тул ажилгүйдлийн багагүй хувийг эзэлж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлого, төлөвлөлтийг орон нутаг руу чиглүүлэх шаардлагатай байгааг дурьдав.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг