sonin.mn
УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр,"Оффшор данстай холбоотой асуудлаар ЦЕГ-т хандахад та энэ тал дээр ямар нэг хамааралгүй гэсэн хариу ирүүлсэн" хэмээн мэдэгдэв. Тэрбээр энэ үеэр уг албан тоотыг тарааж, уншиж танилцуулсан юм.
 
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын материалд манай улсын 49 иргэний нэр орсон. Түүний дотор Д.Батбаяр гэх нэр багтсан байсан тул Кёкүшюзан Д.Батбаяр өмнө нь сэтгүүлчдэд оффшор дансаар мэдээлэл өгч байсан удаатай. Тухайн үед Японы сумод барилдаж байхдаа цалингаа авдаг 4-5 данс байсан. Энэ маань оффшор данс хэмээн ярьж байсан юм.
 
Нийгмийн чиг хандлага өнөөдөр оффшор данстай иргэдийг хүлээж авахгүй байгаа. Мөн дэлхийн улс орнууд энэ асуудалд анхаарч шалгалт явуулж буй. Иймд би өөрийн хүсэлтээр ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газарт хандаж шалгаж өгөхийг хүссэн. Ингэхэд "Их Британийн Виржини аралд байрлалтай “Impox”, “Gumax”, “Abros” компаниуд нь танд хамааралгүй" гэсэн хариу ирүүлсэн гэж тэрбээр энэ үеэр ярив. 
 
Мөн "Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас зарласан нэрсэд багтсан Д.Батбаяр гэгч би биш. Тэр нь өөр хүн болохыг холбогдох баримтаар баталсан. Д.Батбаяр гэгч Х.Бум-Эрдэнэтэй нийлж оффшор бүсэд 2007 онд компани байгуулсан юм билээ. Тэднийг хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Би нэр төрөө цэвэрлэх үүднээс шалгуулж, оффшор дансгүй гэдгээ баталлаа. Нэр холбогдсон 49 хүнээс өөрийн хүсэлтээр хандсан анхны хүн нь би гэв. Тэбээр нэр нь илэрсэн хүмүүс шалгуулах нь  ёс зүйд нийцнэ" гэв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг