sonin.mn
АНКАРА. /ВВС/. Туркийн иргэд Европын Холбооны /ЕХ/ орнуудад визгүй зорчих эрх авч чадахгүй бол  тус холбоотой байгуулсан дүрвэгсдийн талаарх тохиролцоог зогсооно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.
 
Өнгөрсөн сард ЕХ-Туркийн хооронд байгуулсан гэрээний гол нөхцлүүдийн нэг бол Туркийн иргэдийг Шенгений бүсэд визгүй нэвтрүүлэх явдал юм. Гэтэл иргэдээ ЕХ-нд визгүй зорчдог болгохын тулд Туркийн тал тодорхой хэдэн нөхцлийг хангах, тухайлбал терроризмтой тэмцэх хуулиа өөрчлөх ёстой гэж ЕХ мэдэгдсэн байна.
 
Үүнээс гадна ЕХ дүрвэгсдэд зориулан санхүүжилт олгоно гэсэн боловч уг санхүүжилт өнөөг болтол орж ирээгүй байна гэж Эрдоган мэдэгдэв. Турк-ЕХ-ны байгуулсан гэрээний дагуу иргэдээ Шенгений орнуудад визгүй зорчуулахын тулд Туркийн тал зургадугаар сарын сүүлч гэхэд 72 нөхцлийг хангасан байх ёстой ажээ.
 
Истанбул хотноо болсон хүмүүнлэгийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтын хаалтын хуралдаан үеэр Эрдоган үг хэлэхдээ “ЕХ-нд визгүй зорчих эрх олгохгүй бол Туркийн парламент тус холбоотой байгуулсан дүрвэгсдийн асуудлыг зохицуулах гэрээг батлахыг хойшлуулах болно” гэж анхааруулсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг