sonin.mn
Харилцаа холбооны салбарт тогтвортой ажилладаг, орон сууц худалдан авах хүсэлтэй залуусыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Мэдээлэл технологи, харилцаа холбооны залуусыг орон сууцжуулах“ хөтөлбөрийн анхны төслөөр  залуусын “X Apartment” хотхон шалгарлаа.
 
Энэхүү хөтөлбөрийг Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газар /МТШХХГ/, Шинжлэх ухаан мэдээллийн технологийн парк, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо буюу МОСА болон Монголын барилгын үндэсний ассоциаци зэрэг байгууллага нэгдэн санаачилсан юм.
 
Анхны төслөөр шалгарсан залуусын “X Apartment”- хотхоны нэгдсэн лобби танхимд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
 
Уг санамж бичигт МТШХХГ-ын дарга Ц.Жадамба, ШУМТП-ийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий, МПХҮХ-ны тэргүүн Ш.Тамир, МБҮА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан нар гарын үсэг зурлаа.
 
Энэхүү дөрвөн талт санамж бичигт зөвхөн IT залуусдаа зориулж  залуусын “X Apartment” хотхоноос орон сууц авахад нийт үнийн дүнгээс 5-10 хувийн онцгой хөнгөлөлт эдлэх урамшууллыг олгож байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг