sonin.mn
Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол жил бүр дай­наас 200 дахин их үхэл учруулж байгааг өчигдөр Найробид эхэлсэн Хүрээлэн буй орчны НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд онцол­жээ.
 
170 гаруй орны төлөө­лөг­ч оролцож байгаа энэхүү уулзалтын зорил­го нь НҮБ-аас өнгөр­сөн есдүгээр сард батал­сан Тогтвортой хөгж­лийн зорилгод хүрэх хөтөл­бөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох юм. 2012 онд хүрээлэн буй орчин, агаарын бохирдлын улмаас 12 сая хүн амь насаа алдсан болохыг судалгаа харуулж байна.
 
Бидний амьсгалж буй агаар, идэж буй хоол хүнс, ууж буй уснаас дэлхий дээрх нас баралтын 23 хувь нь үүдэлтэй. Химийн бодисын алдагдал, бохирдсон агаар, эрүүл бус амьдралын хэвшил үүнд хамгийн их нөлөөлж байна. Сахарын цөл орчмын Африкийн орнуудад гэхэд л халдварт өвчин, хоол хүнсээр дамждаг өвчин, шимэгч хорхойнууд халдварладаггүй өвчнөөс илүүтэй хор хөнөөл учруулж байна.
 
Дэлхийн газрын зургийг харвал хүрээлэн буй орчноос үүдэлтэй үхэлд хамгийн их нэрвэгдэж буй бүс нутаг нь Азийн зүүн өмнөд хэсэг (28 хувь), Номхон далайн баруун хэсэг (27 хувь) юм. Газар дундын тэнгисийн зүүн хэсгээр нийт нас баралтын 22 хувь нь агаарын бохирдолтой холбоотой, Европ тивд энэ зүүүлэлт 15 хувьтай байна. Жил бүр долоон сая хүн агаарын бохирдлоос, 3.5 сая хүн ундны усны хомсдол, эрүүл ахуйн доголдлоос болж хорвоог орхиж байгааг илтгэлд онцолжээ.
 
1995 оноос хойш 600 гаруй мянган хүн цаг агаарын өөрчлөлттэй холбоотой гамшгийн улмаас амь насаа алдсан бол, 4.1 сая хүн гэмтэж, бэртэж, орон гэрээ алдаж, яаралтай тусламж авах  шаардлагатай болжээ. Эрүүл мэндэд учрах аюулыг хамгийн их нэмэгдүүлж байгаа хүчин зүйл нь цаг агаарын өөрчлөлт болж байгаа аж. 2030-2050 онд дээрх шалтгаан дээр нэмэгдэн хоол хүнсний дутагдал, хумхаа, гэдэс гүйлгэх, дулаарлын улмаас үүссэн ядаргааны улмаас жил бүр 250 мянган үхэл нэмэгдэж болзошгүй байгааг санууллаа.
 
Эрүүл хүрээлэн буй орчинд хөрөнгө оруулах нь олон ашиг тус авчирна хэмээн НҮБ үзэж байна. Озоны давхаргыг гэмтээж буй 100 гаруй бодисыг устгаснаар арьс­ны хорт хавдрыг хоёр саяар, хараа муудах өвч­нийг мэдэгдэхүйцээр багас­гаж, бензин шатахуун дахь тугалгыг байхгүй бол­гос­ноор цаг бусын үхлийг нэг саяар бууруулах боломж­той. Яндангийн утаа, метан хий зэрэг агаар бохирдуулагч хийг багас­гаснаар жил бүр 2.4 хүний амийг аварч болох ажээ.
 
Н.Мөнхжин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин