sonin.mn
"Амар амгалангаас уян зөөлөн сэтгэл, ухаарал, мөнхийн эрч хүч ирдэг" гэж нэгэн ухаантны хэлсэн сайхан үг байх.
 
Гэтэл амар амгалан биш, харин ч амаргүй түвэгтэй үед цагийн эрхээр амьдарч явсан нөхөд бидэнд бий. Тэд амар амгалангаас уян зөөлөн сэтгэл ухаарал, мөнхийн эрч хүч ирдгийг амьдралынхаа замд ойлгон, үлдсэн нас, цагаа эх орон, ард түмнийхээ эрх ашиг, эх улсынхаа утга зохиолын үйлст гайхамшигтай сайхан зориулсан ахмад үеийнхэн маань билээ. Бид тэднээрээ бахархах, баярлах ч эрхтэй.
 
Манай нэрт яруу найрагч Д.Сэнгээгийн мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Монголын Зохиолчдын хороо, түүний “Утга зохиол, урлаг" сонины №9-д Д.Сэнгээгийн ойд зориулж нэгдүгээр нүүрнийхээ эхний дөрвөн үеийг, гуравдугаар нүүрийг бүтнээр нь, дөрөвдүгээр нүүрний хоёр үед зохиогчийн яруу найргаас хэвлүүлжээ. Авгаржин Жа.Баяржаргал ганцаараа Д.Сэнгээд зориулсан энэ дугаарыг бэлтгэсэн бололтой.
 
Д.Сэнгээгийн тухай маш их зүйл мэдэмхийрэн тоочиж бичсэн боловч олон зүйл дээр андуурч ташаарчээ. Арга ч үгүй биз. Д.Сэнгээ нас бараад бараг жараад жилийн нүүр үзэх гэж байна.
 
Тэр үед Жа.Баяржаргал малын хот тойрсон гэрүүдийн хооронд саваа унаад, мориор давхиж явдаг хүүхэд байсан байж,  Д.Сэнгээгийн үед бидэнтэй цуг ажиллаж, амьдарч байсан юм шиг хэт мэдэмхийрэн, дэндүү дураараа энэхүү материалыг бичиж хэвлүүлсэн учир түүний буруу зөрүү бичсэнийг засч зөвтгөхгүй бол цаашлах тусмаа улам эндүү ташаа зүйл хойч үеийнхэнд дамжих сөрөг үр дагавартайгаар барахгүй, аюултай, хортой нөлөө дагуулах (үзүүлэх) нь дамжиггүй.
 
Би Жа.Баяржаргалын бичсэн бүх зүйлд хариу өгөхгүй, зөвхөн өөрийнхөө мэдэх зарим зүйл эндүү ташаа бичигдсэнийг засч залан хариу бичье гэж шийдлээ.
 
Сонинд Д.Сэнгээтэй холбоотой дөрвөн гэрэл зураг байна. Уг нь гурав дугаар нүүрний хоёрдугаар үеийн эхэнд тавьсан түүний зургийг нэгдүгээр нүүрнийхээ эхэнд томруулаад тавьсан бол зохилтой байж. Нэгдүгээр нүүрний эхэнд тавьсан, түүний До яамны хувцастай зургийг гуравдугаар нүүрэндээ, түүнийг доромжилсон материалдаа хавсарган тавих нь дээр байж.
 
Тэгээд ч энэ зургийг хэвлэх нь илүү ч болсон байж мэднэ. Гуравдугаар нүүрний эхний үеийн адаг дахь зургийг 16 настай Д.Сэнгээ хүү Аюулаас хамгаалахын сургуульд суралцахаар Ленинград хотод дөрөө мулталсны дараах патиар гэжээ. 
 
Тэр зургийг сайтар харцгаа л даа! 16 настай Д.Сэнгээ мөн үү дээ. Миний бодоход энэ зураг Д.Сэнгээгийн зураг биш, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Жамбал нарын үеийн Доромтын Сэнгээ гэгч хүний зураг шиг л санагдах. Доромтын Сэнгээ бол сайн муу юм тэр цагтаа бас үзсэн.
 
Боловсролтой, бичгийн чадалтай, нэлээд сүрхий хэл амтай сонин хүн байсан. Надад нэг удаа жүжгийн зохиолоо уншиж өгсөн. Би олигтой хариу зөвлөгөө өгч чадаагүй. Тэгээд “За-за! Д.Намдаг, С.Оюун дээрээ очъё доо" гээд гарсан. Би, энэ Сэнгээтэй сүүлд ганц нэг удаа дайралдаж байсан. Өөр мэдэх юм байхгүй.
 
Д.Сэнгээг нэг бичихдээ 16 настай, дахин бичихдээ 19 настай, Ленинградад Дотоод яамны сургуульд суралцахаар явсан гээд байх. Ленинградад үнэхээр суралцсан тийм баримт байгаа юм уу? Байгаа юм бол түүнийгээ нотлох хэрэгтэй байна. Ленинградад тэгж суралцаагүй л юм шиг санагдах. 1936 онд Багш нарыг бэлтгэх сургууль төгссөн байдаг.
 
Бодвол багш нарыг бэлтгэх сургууль төгсөөд С.Буяннэмэхийн удирддаг утга зохиолын бүлгэмд очиж ажилласан бол тэр бүлгэмд төдийлөн удаан ажиллаж чадаагүй байх. Д.Сэнгээ угаасаа хурц сэргэлэн, зоримог шийдмэг түргэн зантай учраас С.Буяннэмэхтэй муудалцсан. С.Буяннэмэх, Д.Сэнгээгийн уран зохиол бичих эрхийг гурван жилээр хасна гэсэн.
 
Д.Сэнгээ улам шаралхаад тэр үед байсан, хамгийн том хүн маршал Х.Чойбалсантай уулзаж, учраа олно гэж шийдсэн.
 
Маршал Х.Чойбалсан шиг дааж, барж ядсан их ажилтай хүн тэр үед байсангүй. Улс орны цаг үеийн уур амьсгал, үйл явдал маршал Х.Чойбалсанд тэр цагийн гол ачааллыг тийнхүү үүрүүлсэн байж. Ийм ажилтай хүн, Д.Сэнгээ шиг хувийн хэргээр яваа хүүтэй уулзах гэдэг яаж тийм амархан байх аж.
 
Гэвч Д.Сэнгээ маршал Х.Чойбалсантай уулзахыг үнэнхүү хүсч яваа болохоор асар их тэвчээр гаргаж олон хоног, олон газар Х.Чойбалсанг бараадан дагаж, түүнд боломжтой нэгэн мөч гарахыг хүлээн явсан тийм өдөр нь ирж уулзжээ.
 
Маршал Х.Чойбалсан Д.Сэнгээгийн хэлсэн үг, гол санааг сонсчээ. Түүний сэргэлэн цовоо байдлыг ажиглажээ. Юм хийх ирээдүйтэй, хэрэгтэй хүү байна гэдгийг нь ч мэджээ. Чухам л ийм хүмүүс тэр үед түүнд хэрэгтэй ч байж. Д.Сэнгээгийн Х.Чойбалсанд анзаарагдсан бас нэг тал нь гэвэл орос хэлний наад захын мэдлэгтэй байсан явдал аж.
 
Ингээд маршал Х.Чойбалсангийн зөвлөснөөр тэр Дотоод яаманд ажиллах болжээ. Дотоод яамны ажил үнэхээр хүнд нүсэр байсан боловч залуу халуун настай, уран зохиол гэдэг нэн сонирхолтой үйлст нэг насаа зориулна гэж шийдсэн Д.Сэнгээ яаж ийгээд өөртөө цаг, зав гарган оролдсоор “Одон тэмдэгт... дугаар застав” хэмээх  баримтат тууж бичиж хэвлүүлжээ. Хүн мэдэхгүй юмандаа мэдэмхийрхэх дуртай гэдэг үнэн л байна.
 
Жа.Баяржаргал 27 настай Д.Сэнгээ анхны түүврээ “Одон тэмдэгт.... дугаар застав” нэртэйгээр монгол түмэндээ өргөн барьсан гэж дэндүү хальж хадуурчээ. Д.Сэнгээгийн араас маршал Х.Чойбалсан анхаарал тавьж л байсан байдаг. "... дугаар застав” туужийг нь маршал уншаад түүнтэй уулзсан байдаг. Тэгэхдээ туужийг нь магтаж барьсан үг хэлээгүй, харин ч улам сайн зохиол бичиж байгаарай гээд авто үзэг, харандаа бэлэглэсэн гэдэг. 
 
Д.Сэнгээг С.Буяннэмэх ч мартаагүй явсан юм билээ. Хэсэг зохиолчдод “Алдарт, гавьяат уран зохиолч”, “Ардын уран зохиолч”, “Улсын эрхэм уран зохиолч” цол олгоход Доржсүрэн гуай, Л.Цэнд-Очир, Д.Сэнгээ гуравт “Улсын эрхэм зохиолч” цол олгосон байдаг. Гэтэл Жа.Баяржаргал “Дөрвөн хүний хамт хүртжээ" гэж хадуурсан байх.
 
Ер нь Жа.Баяржаргал эх орныхоо их утга зохиол, үзэг нэгт зохиолч нөхдийнхөө тухай арай ч дээ гэмээр нимгэхэн мөс шиг мэдлэгтэй байгаа нь маш осолтой агаад харамсалтай байна. Нимгэн мөс цөмрөх амархаан, ийм нимгэн боловсролтой хүн манай утга зохиолд ямар ч гай тарьж мэднэ шүү!. Ц.Гайтавыг Төрийн хошой шагналт гэж гөрдсөн байх юм. 
 
Д.Сэнгээ баруун Монголын яруу найргийн толь болж байсан Гүндсамбын Санжжавыг суга татан авч ирж өөрийн нарийн бичгийн дарга болгосон гээд л хачин хачин юм бичих, яаж ингэж чадаж байна. Г.Санжжавыг юунаас суга татаж, гаргаж ирсэн байна аа. Намаг балчигаас уу? Тэр үед Д.Сэнгээ бид хамт ажиллаж байсан. Түүнд нарийн бичгийн даргын орон тоо байгаагүй.
 
Г.Санжжав утга зохиолын ажилтан орон тоонд ажиллаж байв. Тэр үед Г.Санжжав баруун Монголын утга зохиолын толь болох хэмжээний яруу найрагч байгаагүй. Сумын клубт ч бил үү ажилтай шүлэг бичих дуртай л хүү байж. Утга зохиолд хорхойтой шүлэг бичих сонирхолтой хүүхэд залуус газар сайгүй л байсан. Г.Санжжав тэдний л нэг.
 
Жа.Баяржаргал энд баруун Монголын утга зохиол гэж чухам юугаа хэлээд байгаагаа тайлбарлах хэрэгтэй байлаа. Д.Сэнгээ маршал Х.Чойбалсантай үе үе уулздаг байжээ.
 
1943 онд уулзахад нь маршал Х.Чойбалсан “Чамайг Зөвлөлт Холбоот улсын улаан армид бэлэг хүргэлцэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орууллаа. Чи Зөвлөлтийн ард түмэн, түүний баатарлаг улаан армийг хэрхэн байлдаж байгаа тэмцлийг сайтар үзэж, судалж ирээд, ард түмэндээ үнэн зөв ярьж, бичиж, танилцуулна шүү” гэж хэлсэн. Д.Сэнгээ фронтод явж ирээд “Фронтоос” шүлэг, “Анхны гвардтай уулзсан минь” дурсамж тэмдэглэл бичсэн. 
 
Миний бодоход Зөвлөлтийн улаан армийн тухай өөр дэвтэй юм бичээгүй. Уг нь бол их л юм хийх хүн байсан даа. Харин эх орныхоо хилийн цэргийн ангиудаар явж. ирээд "Улаан цэцэг” зэрэг яль шалигүй шүлгүүд бичсэн. Маршал Х.Чойбалсан Д.Сэнгээг дуудаж уулзаад “Чи ингэхэд юу л бичээд байна даа. Чиний бичих юм ердөө л иймэрхүү л юм байх юм уу. Гэхдээ чамд иймэрхүү юм бичих хэрэггүй гэж байгаа юм биш. Цэвэр ариун дурлал, тэр дундаа цэрэг эрсийн сайн хань нөхдийн тухай бичих хэрэгтэй. Ямар цаг үед бид амьдарч байгааг бод. Ард түмэнд юу хэрэгтэйг бод. Цаг үеийн юмыг цагт нь бичиж сур” гэж сургаж байсан байдаг. 
 
Маршал Х.Чойбалсангийн энэ сургаал үг их л мөчиг тачиг тэмдэглэгдэн үлджээ. Уг нь бол их л гүн утга агуулгатай үг хэлсэн байдаг. Эх орныхоо утга зохиол, зохиолчдын тэр цагийн байдлыг ажиглаж байсан маршал ер нь энэ зохиолчидтой уулзъя гэж шийджээ.
 
1943 оны дөрөвдүгээр сарын 15-нд хотод байгаа зохиолч гэгдсэн хүмүүсийг зарлан цуглуулж, Засгийн газар маршал Х.Чойбалсан уулзсан. Дондогийн Цэвэгмид багш бид хоёр, энэ үед Улсын их сургуулийн мал эмнэлэг-зоотехникийн ангид суралцаж байсан. Зарлал бид хоёрт хожуу хүрсэн учир энэ уулзалтаас жаахан хожигдож очсон.
 
Уулзалтад орлоо. Цөөн зохиолч байсан. Гол зохиолч гэвэл “Үнэн” сонины эрхлэгч Ц.Дамдинсүрэн гуай байсан. Дамдинсүрэн гуай маршал Х.Чойбалсанд ойрхон сууж байв. Д.Цэвэгмид багш бид хоёрт сандал олдсонгүй. Маршалын яриа дуустал бид хоёр хана дагуу зогсоо байв.
 
Д.Сэнгээд түрүүн уулзахдаа сургаж хэлсэн үгийнхээ утга санааг улам дэлгэрүүлж, гүнзгийрүүлж бидэнд хэлснийг зохиолчдын байгууллага сүүлд “Цог” сэтгүүлтэй болохдоо, анхдугаарт нь бүрэн эхээр нь хэвлүүлсэн билээ.
 
Д.Сэнгээ маршалтай уулзсан тэр цагаасаа хойш зохиолоо сайжруулах тухайд үргэлж бодож явжээ. 1945 оны чөлөөлөх дайн болоод өнгөрч. Д.Сэнгээ “Аюуш” баатрын тухай зохиол бичихээр шийдсэнийг маршал сонсчээ. Д.Сэнгээг маршал дуудуулжээ. Энэ удаа Маршал:
 
-Чиний “Одон тэмдэгт ... дугаар заставт” дутагдалтай зүйл олон бий. Одоо чи тэр зохиолоосоо давуу (илүү) зохиол бич. Цэргийн нөхөдтэй уулз. (бодвол Аюуштай цуг байлдаж явсан нөхөдтэй гэсэн санаа байх) Би чамд тэрэг (унаа) гаргаж өгч болно. Чи тэр унаагаар явж Аюуштай холбоотой хүмүүс, газар юугий нь судал. Тэр байтугай олзлогдсон япончуудтай уулз. 
 
Ингэснийхээ ачаар чи сайн зохиол бүтээнэ” гэж хэлсэн байдаг. Д.Сэнгээ “Аюуш” туужаа бичсэн. Бид манай утга зохиолд урьд гараагүй гайхамшигт зохиол бий болов гээд сүйд болов. Төр засаг ч шагналаа гардуулав. Тэгсэн чинь энэ явдал бас л эргэлзээтэй; болсон.
 
Д.Сэнгээ Зөвлөлт Холбоот улсад, Утга зохиолын дээд сургууль төгсөөд ирсэн. Суралцах хугацаандаа сурахыг ч үзүүлсэн. Тэр цагтаа Зөвлөлт гүрэнд байсан олон сайхан хүмүүстэй ч уулзсан. Зөвлөлт орон том ч, Д.Сэнгээ явна гэсэн газраараа явсан. Үзнэ гэсэн бүгдээ үзсэн. Уулзана гэсэн хүмүүстэйгээ уулзсан. Энэ бүхэн түүнийг үндсээр нь өөрчилсөн. Д.Сэнгээ суралцаж байхдаа аугаа их Александр Фадеев гуайтай уулзсан. Чухам л тэр гайхамшигт сайхан хүнтэй уулзсан Монголын ганц зохиолч Д.Сэнгээ байв.
 
Аугаа их Апександр Шолоховтой уулзсан зохиолч манай С.Удвал байдаг. Орчуулагч гэвэл Базарын Дашцэрэн гуай байлаа. Фадеевын гол том зохиол нь “Ниргэлт” роман. Манай үеийнхэн энэ романаар хүмүүжсэн. Фадеевын дараах том зохиол нь “Залуу Гварди” роман эх орны дайны хүнд үед Германы фашизмтай амь насаа хайрлалгүй тэмцсэн Зөвлөлтийн залуус, “Залуу Гварди” байгууллага байгуулж, фашистуудтай хэрхэн тулан байлдсан амьд баримтат үйл явдал (хүмүүс), залуусын үйл амьдралтай энэ роман шууд холбоотой.
 
Д.Сэнгээ дээд сургуулийнхантайгаа Александр Фадеевтай уулзсан байдаг. Энэ уулзалт дээр Фадеев гуай нэгэнт Зөвлөлт түмнээр барахгүй, дэлхийн соёлт түмний хүртээл болчихсон романыг ингээд ингээд. Ийм явдал. Ийм дүр төрх нь ингээд ингээд болохгүй байна. Тэгэхээр ингээд ингээд засахаас өөр арга алга. Тийнхүү засахад надад цаг хугацаа хэрэгтэй.
 
Харин, тэр орон зай, цаг хугацаа надад байна уу, үгүй юу гэж ярьж байсан гэдэг. Д.Сэнгээ, ингээд Фадеев гуайтай нүүр  тулан уулзчихсан байдаг. “Залуу гварди" романы үйл явдлыг нэвт шувт судалчихсан. Түүнд бараг уусчихсан байдаг. Үүнээс гайхамшигтай зохиол бүтээнэ гэж байж болошгүй гэсэн ганц бодол санаатай байтал Фадеев гуай романаа засна гэсэн нь чин үнэнийг хэлбэл Д.Сэнгээг ёстой замруулаад хаячихжээ.
 
Д.Сэнгээ “Аюуш” туужийнхаа тухай бодсон. Тууж нь үнэхээр сүржин төгсгөлтэй, даржин зохиол болсныг ойлгосон. Нүүр хийх газар олдохгүй болтлоо ичиж улайсан. Тэгээд засахаар шийдсэн. Харин роман гэх үү, яах вэ гэдэг дээрээ эргэлзсэн гэж тэмдэглэлдээ бичсэн байх юм. Зассан зохиол муу болох учиргүй. Бадаг шүлгийг ч гэсэн санасанд хүрэхгүй бол засч л байх учиртай.
 
“Аюуш” туужаа засахаар шийдсэн нь Д.Сэнгээгийн хувьд хоёр талтай. Нэгдүгээрт, Фадеев гуай романаа засна гэсэн нь нөлөөлсөн. Хоёрдугаарт, Д.Сэнгээ өөрөө Утга зохиолын дээд сургуульд суралцаж, эр бяр суусан явдал. Өөр тайлбар хийх илүү биз.
 
Амьдралдаа дутагдалгүй, өндөг шиг ямар ч өө сэвгүй хүн гэж байдаг уу. Хүн л гэвэл алдаж, онож, унаж босч, байнга л гэрэл сүүдэр хоёр дунд амьдардаг., Эрхэм анд Ч.Чимид минь бас л болохгүй,! бүтэхгүй явдалд орооцолдож шоронд орсон. Хоригдсон хугацаагаа тэр, эх орныхоо утга зохиолд.ялангуяа орчуулгын уран зохиолд их буянтай үйлс бүтээсэн түүхтэй. 
 
Л.Толстойн “Дайн ба энх”-ийн нэгдүгээр ботийг орчуулав. А.Пушкиний “Евгений Онегин”-ийг орчуулав. Аугаа их Ц.Дамдинсүрэн гуай “Евгений Онегин”-ий орчуулгыг уншиж уг зохиолыг редакторлаж хэвлүүлсэн. Ц.Дамдинсүрэн гуай тэр ажлыг хийж байхдаа хэлсэн үгийг би сонсож байсан.
 
“Чимид орос хэл овоо сурсан юм байна. Харин, золиг чинь баахан залхуу юм. “Дайн ба энх” романд ч, “Евгений Онегин”-д маш их тайлбар хавсаргах ёстой зүйл байдаг. Гэтэл тэр бүхнийг бараг хийсэнгүй.
 
Тийм учраас “Евгений Онегин’’-д баахан үгсийн тайлбарыг “Чимидийн төлөө хийлээ” гэж ярьж байсан. Гэтэл Жа.Баяржаргал “Евгений Онегин”-ийг маш сайн орчуулга болсон гэж Ц.Дамдинсүрэн магтсан гэж худлаа сүржигнэжээ. Ер нь манай буурал дээдэст нэг сайхан чанар байдаг л даа. 
 
Хэн нэгний бичсэн, орчуулсан зүйл үнэхээр сайн болсон бол түүний нь тэнгэрт гартал овоолгож товойлгож магтдаггүй. Залуу хүмүүс магтаалд хөөрч, замарч мэднэ. Гэхдээ тэдний орчуулга, уран бүтээлийн тухай сайн үгийг тойруу замаар их аятайхан хэлж өгдөгсөн.
 
Бөхийн Бааст /Ардын уран зохиолч/
 
Үргэлжлэл нь дараагийн дугаарт
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин