sonin.mn
Улстөрд эрх ашгийн эрэмбэ алдагдах нь хамгийн том гамшиг. Уг нь Монгол улсын төлөө гэдэг ганц л эрх ашгийн дор бүх шийдвэр шийдэл гарч, хувийн эрх ашиг эрэмбээрээ хамгийн сүүлд байх ёстой.
 
Харамсалтай нь 2016 оны УИХ-ын сонгууль эрх ашгийн урвуу эрэмбэ буюу миний эрх ашиг хамгийн чухал, дараа нь манай бүлэглэл, түүний дараа манай нам, түүний дараа юу ч байсан яахав гэдэг зарчмаар өрнөх шинжтэй. 
 
УИХ-ын сонгуулийн тойрог хуваарилалтаас энэ гаргалгааг амархан уншиж болно. Сонгогчдын эрх ашгийг дээдлэх, тэгш шудрага байх зарчмыг УИХ уландаа гишгэв. Жараад мянган хүн амтай Говь-Алтай аймаг 12 мянган хүнтэй Говьсүмбэр аймагтай адилхан ганцхан мандаттай байхад дөчин зургаа, долоон мянган хүн амтай Өмнөговь 2 мандаттай байх жишээтэй. Хэнтий аймаг “Их хааны төрсөн нутаг учраас” гурван мандаттай болсон гэдгийг албаны эх сурвалж “нотолсон”.
 
Аймгийн төв орчмыг гортиглон дугуйлж нэг тойрог болгосныг УИХ-ын гишүүн учраас Б.Гарамгайбаатар өмчлөх сураг үнэн эсэх нь энэ өдрүүдэд тодорхой болно. Хотын статустай болоод байсан Багануурын сонгогчид хууль тогтоогчдын үзэгний үзүүрээр Улаанбаатар хотын хоймор түшсэн дүүргүүдтэй нэг тойрог болж хэд хуваагдан “сонгуульдана”. Увс аймаг дахь тойрог хуваалтын учрыг олоход нэлээд IQ шаардана. Иймэрхүү холион бантан эхлээд харахад ойлгомжгүй, инээдэмтэй мэт ч сайтар ухвал хорлонтой, эмгэнэлт үр дагавартай. 
 
Жишээ болгож Говь-Алтай аймгийг аваад үзье. Улаанбаатараас мянгаад километрийн цаана орших энэ аймгийнхан Монголын төр сонгогчдод ялгавартай хандаж байгаагийн тодорхой жишээ юм. Энэ аймгийн хүн амын тоо 60 шахам мянга. УИХ-ын сонгуулийн ганц мандаттай. Тэгэхээр Говь-Алтайнхан сонгогчийн хувьд 47 мянган хүнтэй, 2 мандаттай Өмнөговийнхноос хоёр дахин, 12 мянга гаруй хүнтэй, адилхан 1 мандаттай Говьсүмбэрийнхнээс бараг 5 дахин бага үнэ цэнэтэй гэсэн үг ээ дээ. 
 
Говь-Алтайнхан яагаад ингэж шоовдорлогдох болов? Эх оронч сэтгэлээр хязгаар нутагтаа аж төрж, өвөг дээдсээс өвлөж ирсэн уугуул нутагаа эзэнтэй байлгаж, биеийн амар, бэлчээрийн ойрыг харж төв суурин газар руу дүрвээгүй нь тэдний буруу юу? Үүний цаана ямар бодлого, хэний ямар эрх ашиг нуугдана вэ? Говь-Алтайг ганцхан тойрогтой байлгах нь улстөрийн тодорхой хүчний бодлого, зарим нэгэн хүмүүсийн хувь тохироо гэх жиргээ хэр үнэний хувьтай вэ? Үнэн бол нэн харамсалтай, бас тун осолтой. 
 
Говь-Алтай УИХ-ын сонгуульд одоог хүртэл цэнхэртэж үзээгүй аймаг. Тэр утгаараа ялах сонирхол АН-д үлэмжхэн бий. Тус намаас энэ удаа УИХ-ын сонгуульд Говь-Алтай аймгаас нэр дэвших магадлалтай хэд хэдэн хүний нэр нэлээд дээрээс дуулдаж байснаа цөөрсөөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хоёрын нэр тунах шиг болсон. Энэ өдрүүдийн мэдээ чимээг анзаарвал Л.Пүрэвсүрэн сайд УИХ-д нэр дэвших хүсэлгүй байгаа бололтой.
 
Хүсэлтэй байгаад хүрд эргүүлэх боломж олдоогүй байж ч мэднэ. Ямартаа ч аймгийн Засаг дарга бөгөөд түүний маш ойрын хамаатан О.Амгаланбаатар дүү нь түүнийг Алтайд чансаа султай байна гэж АН-ын удирдлагад ойлгуулахын тулд байж болох бүхий л буруу зөв аргыг хэрэглэж, намын дарга З.Энхболдод шадарлахаар гүйж байгаа сураг хэдэн сарын өмнөөс сонсогдож байсан. Аль нь үнэн болох талаар ам алдахгүйгээр хий нь гарсан улстөрч учраас Л.Пүрэвсүрэнгийн амнаас энэ талаар баталгаа сонсох магадлал бага. Тэгэхээр Засаг дарга О.Амгаланбаатарын өмнө ногоон гэрэл асаатай гэсэн үг. 
 
Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд Говь-Алтайд бараг ялах шахсан АН-ыг ИТХ-ын даргын суудлыг амлан байж МАХН-тай эвсүүлснээр засаглах чадамжтай болгосон. Өөрөө ч Засаг дарга болсон. Орон нутгийн хэмжээний улстөрд толгойлон гарч ирсэн түүнийг тэр үед “Алтан гадас” фракцийнх, тодруулбал Б.Ариусангийн хүн гэцгээж байв. Гаальд ажиллаж байсан гэнэ, базаахгүй асуудалд ороолдож байсан гэнэ хэмээн тэр үед хэрэгт дуртайчууд шуугисан.
 
Тэр яриа харин аймгийн Засаг дарга болоход нь нэг их нөлөөлөөгүй. Тэр үед их улстөрд нөлөөтэй байсан Алтайн гаралтай, ардчилсан намын талын олон хүний дэмжлэг оролцоо байсан болохоор өчигдрийн гаальчин өнөөдрийн Засаг дарга болсон гэлцдэг. Ямартаа ч түүний улстөрийн намтар маш богино. 2012 онд аймгийн АН-ын дарга болж, 2013 оны хавраас л Засаг даргын албыг хаших болсон. Говь-Алтайн Засаг дарга болоод сайн ч юм нэлээд хийсэн, саар юм ч их олон дуулдсан. Ажил хийх, хүмүүстэй харилцах харилцааны арга барил нь энэ хүнд их эрх мэдэл, өндөр суудал өгвөл ихээхэн буруу арга жишиг дэлгэрүүлэх вий гэж өөрийн эрхгүй бодогдуулдаг. Төрийн хяналт хариуцлага сул байхад хил гааль дээр хор найруулж бужигнуулж явсан арга барилаа улстөрд дээш өгсөх жор болгоно гэдэг осолтой.
 
Хэт намчирхах, захиргаадах, рэкет дарамт хийх, худал амлах, өөрийг нь сураг ч үгүй байхад Алтайд ардчилал бий болгохын төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж явсан партизануудаа хүртэл алба ажилгүй болгох зэргээр мөн ч их бужигнуулсан даа. Суурь хүмүүжил дундуурын шинж. Ер нь бол аль ч утгаараа дундуур хүн. Ийм хүнийг их улстөрд сойтлоо Алтайн ардчилал ядуурсанд харамсаж байна. Говь-Алтайд Ардчилсан холбоог үзэл бодол нэгтэй зургаан нөхрийн хамт анх байгуулж, эхний цуглаануудыг нь удирдаж явсан хүний хувьд би энэ хэмжээний хатуу үг хэлэх үүрэгтэй. Хатуу боловч үнэн үг юм шүү. Их бага жишээ баримт олон байгааг энд дурдаж нуршихыг хүссэнгүй. “Хүний хуучин Дээлийн шинэ нь дээр ” гэгчээр Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нарын хэн нь МАН-аас нэр дэвшинэ, тэр нь Алтайнханд өлзийтэй ч байж мэдэхээр байна. 
 
Ер нь УИХ-ын сонгууль тойрсон сүүлийн үеийн үйл явдлуудыг анзаарч байхад хүний хувьд, улстөрчийн хувьд төлөвших болоогүй, суурь хүмүүжил муутай, хайшаа ч ханарч мэдэх, эрхэмлэх үнэт зүйл нь монгол төрийн бодлогоос огт өөр хэсэг залуус шат шатны сонгуульд нэр дэвшихээр гүйлдэж байна. Улстөрийн намууд ч түүгээр яваа гайг үүгээр дуудаж, Монгол төрийн босгыг намсгах уралдаан зарласан аятай юм болж байна. Ялангуяа нийслэл Улаанбаатарт энэ үзэгдэл ихээхэн газар авах шинжтэй. Сонгуульд нэр дэвшигчдийн насны доод хязгаар тогтоож өгөхгүй бол амьдрал мэдэхгүй, ухаан задраагүй, төлөвшиж амжаагүй бага залуус олноороо орж ирж, учраа мэдэхгүйгээр улстөрийн шийдэл гаргаж далд удирдлагын золиос болох аюул ч бас бийг бодолцмоор байна. 
 
Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь улстөрийн намуудын хувьд хариуцлага, хэнийг сонгох нь сонгогчдын хариуцлагын асуудал. Дөрвөн жилд ганцхан удаа хийдэг энэ ажилдаа улстөрийн намууд эх оронч сэтгэлээр хандаж, сонгогчид маань дотроо бодолтой холч ухаанаар сонголт хийхгүй бол Монголын ард түмэн хохирч, Монгол төрийн дархлаа улам л суларна. Товчхондоо Монгол төрийн сонгууль тоглоом биш шүү.
 
Урианхан Б.Галаарид 
2016.05.25
 
 
Эрхэм та сэтгүүлч, судлаач Б.Галааридын бусад нийтлэлийг duuren.mn сайтаас уншина уу?