sonin.mn
 
Өнөөдөр Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар /НХГБХГ/-ын байранд “Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр болон хэрэгжүүлж байгаа 8 төслийн талаар танилцуулж, мэдээлэл түгээх уулзалт болов.
 
 
Уулзалтаар хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, цаг үеийн нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлж, хамтран ажиллах талаар санал солилцов. “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр нь нийслэлийн хүүхдийн сайн сайхан амьдрах орчин нөхцлийг сайжруулж, тэдний эрхийг хангаж ажиллах сайн засаглалыг хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, Хүүхдэд ээлтэй хороог төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй үйлчилгээ орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлснээр зорилтот бүлгийн хүүхдийн тоо буурна, хөгжлийн үйлчилгээнд хамарсан хүүхдийн тоо нэмэгдэнэ, эрүүл аюулгүй амьдрах, хөгжих нөхцөл боломжууд бүрдэнэ.
 
“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 түвшний 15 зорилт 64 үйл ажиллагааг хангах 8 төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн хугацаа нь 3-6 сарын хугацаатай байна. Эдгээр төсөл нь олон нийтийг сайн сайханд уриалсан, хүн бүрийн оролцоонд тулгуурсан байх юм.
 
Уг хөтөлбөрийн хүрээнд “Бид гэр бүлдээ хайртай”, “Хөгжлийн харандаа экспо” төсөл, “Сэтгэлийн үндэс” тусч хөдөлгөөн, “108*152” төсөл, “Сэтгэлийн гал”, “Хүслийн захидал”, “Хүслийн галт тэрэг” төсөл болон “Хайрын гар” гэсэн 8 төсөл хэрэгжинэ.
 
Төслүүд нь өөр өөрийн зорилготой бөгөөд “Хайрын гар” авардс төсөл гэхэд л хүүхэд, гэр бүлийн хөгжилд үнэ цэнэтэй хувь нэмрээ оруулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнийг тодруулан олон нийтэд сурталчилан танилцуулж, хамтран ажиллах юм. 
Энэхүү уулзалтаар жил бүрийн 5 дугаар сарын 29-нд "Нийслэлийн гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэж байхаар болжээ. Мөн ирэх сарын 12-нд "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр"-ийг нийслэлчүүд өргөн тэмдэглэх юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг