sonin.mn
 
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.05.24/ Бүгд Найрамдах Энэтхэг Улс/БНЭУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. 
 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын эхэнд, түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг сайшаан тэмдэглэсэн юм. Түүнчлэн БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцож, энэ тухай Хамтарсан Тунхаглал гарсан болохыг дурдлаа. Энэтхэг Улсын Ерөнхий сайдын энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, дээд өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, эдийн засаг болон бусад бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 
 
Ноён Сомнат Гош Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хугацаандаа дээд өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд, баяр хүргэлээ. 
Элчин сайд Сомнат Гош, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрээр “Хоёр орны харилцааны дэвшлийн талаар таны хэлсэн үг бүртэй санал нэг байна. Энэтхэг Улсын зүгээс хоёр орны харилцааг илүү өргөжүүлэн, бэхжүүлэх сонирхолтой байдгийг энэ дашрамд дуулгахад таатай байна. Энэтхэг Улсын Ерөнхий сайд 2015 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн ба Энэтхэг, Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 60 жил, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиосон  цаг үеэ олсон чухал айлчлал болсон. Ардчилсан зарчмыг хэрэгжүүлж байгаа нь манай хоёр орны харилцаанд нэн чухал ач холбогдолтой юм” гэв. 
 
БНЭУ бол түүхий эдийн томоохон зах зээл бөгөөд Энэтхэг, Монгол Улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж өргөн байгаа талаар мөн дурдав. Түүнчлэн өндөр технологийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа, ирэх 2-2.5 жилийн дотор мэдээллийн технологийн төвийг байгуулж дуусгах зорилттой байгааг дуулгалаа. Тус төв жил бүр 2000 орчим мэргэжилтэн бэлтгэх хүчин чадалтай юм байна. 
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хоёр улсын парламент хоорондын ажил хэргийн холбоо бэхжиж, хамтын ажиллагаа идэвхжин, харилцан хэрэгжүүлсэн айлчлалууд нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төдийгүй Монгол, Энэтхэгийн харилцаанд зохих хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв. Хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх нь анхаарал татсан чухал асуудал болохыг тэмдэглээд, өндөр дээд хэмжээний айлчлалууд энэ чиглэлийн харилцааг бэхжүүлэх суурь болсон гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.  
 
2016 оны 04 дүгээр сарын 28-нд хоёр улс 1 тэрбум ам.долларын Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан нь Монгол Улс, БНЭУ-ын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ. Мөн технологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж буй мэдээллийн технологийн төвийн үр шимийг монгол залуус хүртэнэ хэмээн найдаж байна гэлээ. Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга, Элчин сайд ноён Сомнат Гошийг хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. 
 
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Д.Дэмбэрэл болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.