sonin.mn
Өнөөдөр БСШУЯ-ны хурлын танхимд “Монгол агуулгыг дэлхийд” уриан дор "Контент экспорт-комик анимэйшний салбарыг хөгжүүлэх талаар уулзалт, үзэсгэлэнг зохион байгуулав.
 
Монголд контент үйлдвэрлэгчдийн сэтгэлгээ, ур чадварын түвшин эрс нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжин идэвхжсээр байна. Үүнийг Монголын залуу уран бүтээлчид, контент үйлдвэрлэгчдийн сүүлийн нэг жилд санаачлан хийсэн, хамтран зохион байгуулсан ажлаас тодорхой харж болно.
 
Өнөөдөр зохион байгуулж буй арга хэмжээний нэг хэсэг болох Комик танилцуулга, үзэсгэлэн болон дэлгэцээр харуулж буй контент танилцуулга, мөн комик, анимэйшн контентын талаар “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн бүтээл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэнийг нотолж байв.
 
Тухайлбал, Орчин үеийн манго буюу анимегийн соёл болох 8 дахь удаагийн олон улсын манго уралдаан өнгөрсөн жил Японд болж 300 гаруй уран бүтээлч оролцоход Монголын “Бумбардай” зохиолын зохиогч Н.Эрдэнэбаяр Гран при буюу нэгдүгээр байр эзэлсэн юм. Монгол ахуй, малчны амьдралыг харуулсан “Бумбардай” ном нь 108 боть байх бөгөөд одоогоор 4 боть  нь уншигчдын гар дээр очоод байна.
 
 
Мөн “Монгол контент”-ийн бүтээсэн “Ногун” ном 11 цуврал гараад байгаа юм. Уг номонд Ананд хэмээх хүү “Ногун” хэмээх ойн савдаг буюу ой хамгаалагч хоёрт тохиолдсон сонирхолтой адал явдлуудыг өгүүлдэг.
 
Энэ үзэсгэлэнд оролцож буй ШУТИС-ийн Компьютер график, дизайны ангийн оюутан С.Төгөлдөр, Ц.Содбилэг, М.Улаанхүү нарын бүтээсэн Дэлхийн II дайны төгсгөл болох “Чөлөөлөх дайн”-д Монголын ардын армийн оролцсон түүхэн үйл явдлыг дотор нь орсон мэт үзэх боломж олгодог гэдгээрээ онцлогтой.
 
Тусгай нүдний шилний тусламж /Виртуаль реалети/-тай түүхэн үйл явдлыг нүдээр үзэж танилцах нь хүүхэд залууст ном унших хүсэл, сэдлийг төрүүлэх юм. Оюутан залуус уг төхөөрөмжөө 5 сарын хугацаанд бүтээжээ.
 
 
Энэ мэт монгол залуусын, монгол сэтгэлгээ, агуулга бүхий контент дэлхийн зах зээлд хүрэхэд ойртсоор байгааг төрөөс дэмжин хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болжээ. Тиймээс ч БСШУЯ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, “Нүүдлийн зурган үзүүлэмж сан” ТББ-аас комик, анимэйшний салбарт хүчээ сорьж буй залуу уран бүтээлч, үйлдвэр эрхлэгчдийг дэмжин энэхүү уулзалт, арга хэмжээг зохиож байгаа аж.
 
Тус арга хэмжээний үеэр энэ чиглэлээр үйл ажиллааа явуулдаг байгууллага, уран бүтээлчдийг шинэ бүтээл, хийхээр төлөвлөсөн төслийг нь танилцуулсан юм. Мөн зохион байгуулагчдаас “Монголын анимэйшн, комикийн уралдаан”-ыг зохион байгуулахаар болсноо албан ёсоор зарлалаа.  
 
Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага нь хүний хөгжлийн тулгуур хүчин зүйл, техник технологийн хөгжил дээр түшиглэсэн мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд голлон анхаарах болжээ.
 
Мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлдэг чухал салбарт тооцогдох соёлын үйлдвэрлэл нь эдийн засгийн өсөлт болон ажлын байр бий болгох үзүүлэлтээр жил ирэх тусам тогтмол өсч байгаа төдийгүй соёлын салбарын хөгжлийн өөрийн бүтээлч агуулга, менежмент, үр дүнг дэмжих чухал хөшүүрэг болсоор байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг