sonin.mn
Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос эхлэн “Нэг мянгат-нэг агт” хөдөлгөөн өрнөж малчид торгон хилээ манаж буй залуустаа хүлэг морьдоо бэлгэлсээр байна. Өнгөрсөн 7 хоногт Галт, Төмөрбулаг, Шинэ-Идэр сумын малчид нийт 62 агтыг хил хамгаалах албанд хандивлалаа.
 
Тус агт морьд Баянзүрх, Цагаан-Уул суманд улсын хилд үүрэг гүйцэтгэх юм байна. Хөвсгөл аймгийн нутагт хамаарах 1000 гаруй км урт хилийг Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257-р анги хариуцан хамгаалдаг бөгөөд  өндөр уул, хад асга, шавар намаг бүхий байгалийн бартаа саад ихтэй, мориноос өөр техник хэрэгсэл ашиглах боломжгүй байгалийн саад бэрхшээл ихтэй нутаг байдаг гэнэ.
 
Иймээс аймгийн хэмжээнд мал маллан амьдарч байгаа 400 гаруй мянгат малчин аянд нэгдэж хилчдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг уриалж, хоймор нутгийн малчид ч аянд идэвхтэй нэгдэж байгаа ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг