sonin.mn

УЛААН-ҮД /ТАSS/. Ойн түймэр газар авч байгаатай холбогдуулан ОХУ-ын Буриад улсын Баргузины район, Яруунын аймагт /Еравнинск/ онцгой байдлын дэглэм тогтоолоо. Эдгээр бүс нутагт 1,6 мянган га талбайг хамарсан 18 түймрийн голомт бүртгэгджээ. Энэ тухай Буриадын Ойн аж ахуйн газар өнөөдөр мэдээллээ.

“Түймрийн голомт Баргузин, Муйск, Прибайкальск, Баунтын болон Заиграевскийн районд асч байна. Суурин газрууд болон эдийн засгийн ач холбогдолтой барилга байгууламжуудад ямар нэгэн хохирол учраагүй. Түймэр гарах болсон гол шалтгаан нь орон нутгийн иргэд өнжсөн хуурай өвс шатаах явцдаа анхаарал болгоомж алдсантай холбоотой“ гэж дээрх байгууллагын мэдээлэлд дурджээ. 

Түймрийг унтраах ажилд шүхэрчин-гал сөнөөгчдийг оролцуулаад нийтдээ 353 хүн дайчлагдан ажиллаж байна. Энэ ажилд ойн түймрийг унтраах хүнд техникүүдийг ашиглаж байгаа бөгөөд үүний үр дүнд Баргузин, Заиграевск, Иволгын болон Тарвагатайн район, түүнчлэн Улаан-Үд хотын захад 365 га талбайг хамарсан 9 түймрийн голомтыг унтраагаад байна.

Буриадын Ойн аж ахуйн газрын мэдээлснээр, 2016 онд түймрийн аюултай улирал эхэлснээс хойших хугацаанд 95 удаа ойн түймэр дэгдсэний улмаас 3000 орчим га ой шатсан байна. Өнгөрсөн оны мөн үед нийтдээ бараг 4 дахин олон буюу 370 түймрийн голомт бүртгэгдэж, 29 мянган га газрын ой галд өртөж байжээ. 

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг