sonin.mn
ЛОНДОН. /Worldcoal/. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам тавьж, “Эдийн засгийн коридор” байгуулах асуудлаар Засгийн газрын түвшний хэлэлцээ явагдаж байна гэж “Aspire Mining” компанийн улирал тутмын тайланд дурджээ. Энэ ажлын  эхлэл нь  Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам байх болно гэж тус компани үзэж байна.
 
“Aspire Mining”-ийн салбар болох “Northern Railways” компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг тавих ажлыг гүйцэтгэх билээ.
 
Энэ төмөр зам нь “Эдийн засгийн коридор”-той холбогдоод зогсохгүй “Aspire Mining” компанийн коксжих нүүрсний Овоот төслийг олон улсын зах зээлтэй одоо байгаа төмөр замаар холбох юм.
 
“Northern Railways” компани төмөр зам тавих ТЭЗҮ-ийн судалгааг эхлүүлэхэд бэлтгэх ажлыг дуусгаад одоо судалгаа болон бусад холбогдох ажилд шаардагдах санхүүжилтыг хайж байна.
 
Европ-Азийн худалдааг нэмэгдүүлэх зорилготой БНХАУ-ын “Шинэ торгоны зам” болон Европ-Азийн эдийн засгийн бүс байгуулах зорилго бүхий ОХУ-ын бодлогын хүрээнд “Эдийн засгийн коридор” байгуулах санал дэвшүүлжээ. Энэ нь худалдааны зохицуулалтыг багасгаж, тээврийн чадавхыг нэмэгдүүлэн, автозам, төмөр замын дэд бүтцийг сайжруулах замаар худалдааг дэмжих зорилготой юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг