sonin.mn
Энэ бол жижиг асуудал биш юм. Нэлээд эртний асуудал бөгөөд их олон жил нууж явжээ. Бүр 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 дугаар сард УИХ-аас З.Энхболд, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан “Стратегийн оруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль батлуулсан юм. 
 
Үүний дараа “Саус гоби сэндс”-ийн захирал Ж.Капла Ерөнхий сайд С.Баярыг “зоджээ”. “Зоджээ” гэхийн учир нь С.Баяр “Харилцан зодоон болсон” гээд өнгөрөөсөнд байгаа юм. Тухайн үед “С.Баярыг дурдсан хуулийг батлуулаад алдчихсаны нь төлөө хоёр канад пойлдчихож, Сөүлд зодсон гэнэ” гэх мэт цуурхал тарж байв. Үнэндээ бол будлиан орон сууцанд болсон байна.
 
С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь “хохирол” үзсэн бололтой юм. “Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь “иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр “харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.
 
Тэр хуулийг гармагц “Саус гоби сэндс” хувьцаагаа хятадуудад зарах гэж оролдсон ч томоохон ордыг Монголын талтай зөвшилцөлгүй наймаалцах гэлээ гэж манай Засгийн газар заргалдаж, Н.Алтанхуягийн ЗГ-ийн үед шалгалт орж 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг үүсчээ. Кадлагаас гадна гурван хүн үүнд холбогдож тус бүр сая долларын эд хөрөнгөө хураалгах, 5 жил хоригдох ял шийтгүүлжээ.
 
Яг энэ үеэс Ц.Элбэгдорж асуудалд оролцож эхэлсэн бөгөөд Капла эцсийн шатны шүүхээр ороогүй байхдаа “өршөөл гуйсан” өргөдөл бичиж Ерөнхийлөгч “уучлал” үзүүлсэнд зугтчихсан байна. Үүний цаана бас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зөрчил харагддаг. 
 
Яг энэ үед мөн л “Оюу толгой”-д шалгалт орсон бөгөөд 130 саяын зөрчил илрүүлсэн. Эцсийн дүндээ мөн л 100 саяыг нь “өршөөсөн”. Үүнд нийтлэлч Баабар ханцуй шамлан оролцсон. Өөрөөр хэлбэл С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон байна. 
 
Гэвч монголд улстөрийн дээд эрхэнд байгаа хэн ч “но”-гүй байдгийн үлгэрээр Н.Алтанхуягийг “Нүүрс хөтөлбөр”, “Цэвэр агаар сан”, “Эрдэнэс таван толгой”-н шалгалтаар илэрсэн хүргэн Дэнзэнгийн хэргээр годройтуулжээ. Эрдэнэс Тавантолгойн шалгалтыг “MSC” зохион байгуулж, материалыг гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Ч.Хүрэлбаатар нар улстөрийн эргэлтэнд оруулсан юм.
 
Энэ хор амжилттай гүйж Н.Алтанхуяг унахад С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар Ч.Сайханбилэгийг “тоглоомын засгийн газрын тэргүүн”-ээр тавьж Капла ч зугатаж, “Оюу толгой” ч Дубайн гэрээгээр цаашаа явж, “Гацуурт” ч ухуулахдаа тулсан байна. Энэ бүгдийн дотроос Ц.Элбэгдорж “Гацуурт”-д гар дүрээгүй бөгөөд харин ч УИХ-ын гишүүн Г.Уянга руу хуулийн рефрентээ илгээж, ордыг шүүхээр оруулж гацаахад тусласан байна.
 
Гэтэл Каплаг зугтсанаас хойш “Саус гоби сэндс” төлөх ёстой татвараасаа зугтаах гэж оролдож эхэлсэн ба яагаад ч юм тал нь алга болж 18 тэрбум төгрөг үлджээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт цагаандаа гарч үлдэгдэл 18 тэрбумыг гурван жил хувааж төлүүлэх, төлбөрт нь тоног төхөөрөмж, хувьцааг нь авахыг шахаж эхэлжээ.
Мөнгөнийхээ уутыг гөвчихсөн, АСЕМ-д зориулах ч мөнгөгүй Засгийн газрын энэ цамаан зан энэ асуудлыг мөшгиж байсан Г.Уянга гишүүний эгдүүцлийг төрүүлчихжээ. Уг нь анхны албан бичгийг Г.Уянга Каплаг өршөөсний дараа УИХ-д өгөхөөр төлөвлөж байсан ч “Каплаг Ерөнхийлөгч нь гуйсан, хожим манай нэг иргэн хэрэгт холбогдвол бид хариуд нь авчих бололцоо бүрдэнэ, улс 35 тэрбумаа л авч байвал заавал “HOTEL MONGOLIA” гэгдэх хэрэг байхгүй гэж ятгасан бололтой.
 
Гэвч Г.Уянга шазуур зууж хэргийг мөрдсөөр байсан ба ямар нэг алхам хийгдвэл асуудлыг гаргах гээд байжээ. Энэ оны эхээр УИХ-ын Байнгын хороон дарга нарын хугацаа дуусахад Г.Уянгад “Байгаль орчны байнгын хороо”, “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-ны аль нэгийг удирдах санал тавьжээ. Уг нь хашир хүн бол байгаль орчны байнгын хороог удирдаад харъяа Байгаль орчны сайд Н.Батцэрэгтэй хамтран ажиллахыг илүүд үзнэ гэж тооцжээ. Н.Батцэрэг ч их ятгажээ.
Гэтэл нөгөө зөрүүд авгай нь “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-г авна гэсэн санал өгчээ. Үүнд З.Энхболд, Н.Энхбаяр, Женко Баттулга, МАН-ын “нүүрснээс гадуурх” дарга нар олзуурхан хүч нэмж, нөгөөдүүлийнхээ сандлын хөлийг тайрч чадах ганц хүн Г.Уянгыг зүтгүүлсэн ба МАН-ынхан ч зөвшөөрчихөөд асуудал орж ирэхийг хүлээж байжээ. 
 
Гэтэл энэ хооронд гэв гэнэт М.Энхсайхан Засгийн газрын даалгавраар Ц.Элбэгдоржтой яаралтай уулзаж, Г.Уянгыг байнгын хороонд дарга болговол аюултай талаар хэлэлцжээ. Үүнд “Саус гоби сэндс” дээр эсрэг байгаа, ТЕГ-ын агент Р.Пэйнтэрийн асуудлыг нийгэмд тараасан, Оюу толгойн асуудлаарх Дубайн гэрээг хамгийн шаргуу эсэргүүцэж байгаа, С.Баярын 7 байрны асуудлыг баримтаар гаргаж тавьсан, “Гацуурт” дахь уламжлалт түнш “Сентерра гоулд”-ыг буланд шахчихаад байгаа дээр нь “Төвийг сахих” Ерөнхийлөгчийн санаалчлагыг хамгийн идэхвтэй эсэргүүцэгч, чухам есөн шид нь бүрдсэн шулам гэж матжээ. М.Энхсайхан нь “Таван толгой”-н төсөл нь илчлэгдэхээс айсанд байгаа юм. Харин Засгийн газрын айдас бол тодорхой, ядаж байхад Г.Уянга МАН-ыг чирч огцруулахад ойртоод ердөө гуравхан гарын үсэг дутуу байсан билээ. 
 
Тэгмэгц яаралтай хор найруулж М.Сономпилийг УИХ-ын чиглэлийг зөрчин байж “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-гоор оруулж ирээд Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж “нүүрсчдийн нам”-аар дэмжүүлээд баталчихжээ. Одоо М.Энхсайхан М.Сономпилээ Дарханд АН-ын нэрээр дэвшүүлэхээр тохирсон ба Н.Батцэрэгээ Өвөрхангайд дэвшүүлэхээр болжээ.
 
З.Энхболд үүнд бухимдаж Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн ба Н.Энхбаяр ч МҮАН-аас сална, эвслээ тараана гэж дарамталжээ. Ингэхийн учир нь Ерөнхийлөгчтэй нийлж өөрийнх эсрэг хор найруулаад байна гэж М.Энхсайханыгаа хардсан ба нөгөө талаас өөрийг нь унагах бүхий үйл ажиллагааны санхүүжүүлэгч байсан MCS-ээс хариугаа авахад оршиж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохирч Шадар сайдыг амлаж тогтоосон ба үүнийгээ Н.Энхбаяр Г.Уянгад хэлтэл нөгөөх нь “Албан тушаалын наймаа хийлээ” гэж зарлаад эвслээс гарна гэж сүрдүүлж, тэгэхдээ О.Баасанхүү, Л.Цог хоёрыг авч гарна гэж айлгажээ. Н.Энхбаяр О.Баасанхүүг яаж ийгээд барьж үлдсэн ч нөгөө хоёрыгоо алдчихсан байна.
 
Ингэж бужигнаж байх зуур С.Баярцогт шүүхэд албан бичиг илгээж “Саус гоби сэндсийн” татварын өрийг хойшлуулахыг оролдмогц шалтаг олсон Г.Уянга З.Энхболдод Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьчихжээ. Ингэхдээ 2012 оноос хойш санаачилсан хууль бүрийг нь батлуулахгүй хэлэлцүүлэхгүй гэж бүхий л хүчин чармайлтаа дайчилж байсан бүх этгээдээс хариугаа авна гэж хэлжээ.
 
З.Энхболд асуудлыг хүлээж аваад байнгын хороогоор хэлэлцүүлэхийг завдтал хойшуулахыг шахаж, дарамталж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Г.Уянга дахин бичиг илгээж нийтэд зарлаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмагц Ерөнхийлөгч МАН-аар завсарлага авахуулж дөнгөжээ. 
 
Одоо цаашид үйл явц яаж өрнөхийг харах л үлдлээ. Хэрэв байнгын хороо хэлэлцээд асуудлыг Г.Уянгын талд шийдвэл Ерөнхийлөгчийн шийдвэрийг цэц хэлэлцэх ба буруутгасан дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор Ерөнхийлөгч огцрох юм. Тиймээс үүнийгээ хаацайлах гэж Ерөнхийлөгч “Хариуцлагын тухай” хуулийг улайран зүтгүүлжээ. 
 
Хариуцлагын хуулиар УИХ-ын гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгасан ч Ерөнхийлөгчид хариуцлага тооцох системийг процедурын хувьд будлиантай, бараг боломжгүй болгосон байжээ. Үүний дараа Г.Уянгын зөвлөх судлаач Д.Ганхуяг “Далд засаглал” нийтлэлээ бичиж Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болсон гэж зарлажээ. УИХ-ын тухай хуулийн 25 зүйлийн 5 дахь заалтад эрхийг нь заахдаа “5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;” гэж байгаа юм. 
 
Г.Уянга хариуцлагын тухай хуулийн хэлэлцэж байхад яг энэ заалтыг дурдаж Ерөнхийлөгчид анхааруулсан ба “Одоо байгаа хуулийн хүрээнд хариуцлагыг тооцож үзэх” санаархлаа ил хэлсэн байдаг. 
 
Өнөөдөр “Шударга ёс” эвсэл задарснаар Засгийн газар чадамжгүй болсон ба Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субьект байхгүй учраас АН дараагийн ЗГ-ийг бүрдүүлэх хэлэлцээрт орох нөхцөл үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал орж ирж байна. Хэрэв өнөөгийн УИХ-ын гишүүд аюултай шохоорхолд автвал Монглын түүхэнд анх удаа “Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах” нөхцөл бүрдэж байна. Г.Уянгыг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж цоллоод байсны ард ийм холын тоглолт байсныг хэн ч анзаараагүй байна.
 
Хэрэв УИХ-д олонх болсон АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарна. Нэгтгээд дүгнэвэл төрийн легитим шинж байхгүй болсон байна. Үр дүнд нь нөгөө Г.Уянгын хүсээд байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт болох юм биш биз? Гэсэн асуулт аяндаа урган гарч байна.  Сонгуулийн хууль батлагдахгүй хойшилж, төрийн институциудын зөрчил гаарч, энэ зуур хулгай, луйвар хэрээс хэтэрч байгаа нь манай өнөөгийн дүр төрх юм. 
 
Доктор Б.Ганбат