sonin.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Х.Золжаргал мэдэгдлээ.

 

Тэрээр ярихдаа, “Өнгөрсөн сарын эцэст хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 1.7 хувь болж, сүүлийн 9 сарын турш зорилтот түвшнээс доогуур байна. Энэ оны туршид нийлүүлэлтийн гаралтай болон эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь нам, тогтвортой инфляцийг хадгалахад эергээр нөлөөлнө. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг байхын зэрэгцээ 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байна. Макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх орон зайг нэмэгдүүллээ. Гэхдээ макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангах зорилтын хүрээнд улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах, улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байна. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө” гэлээ.   

Б.Заяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг