sonin.mn

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Гуччифер" хэмээх нууц нэрээр ажилладаг Румыний иргэн  Марсель Лехел Лазар гэгч этгээд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтоны хувийн цахим шуудангийн серверт хэд хэдэн удаа халдаж байжээ.

Энэ тухайгаа тэрбээр "Фокс ньюс" телевизийн сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Виржиния муж улсын шоронд хоригдож буй тэрбээр “энэ бол миний хувьд тун амархан зүйл байсан. Клинтоны шууданд нууц мэдээлэл агуулсан 2 200 гаруй захидал, бас дээр нь “маш нууц” гэсэн дардастай 22 мэдээлэл байсан” гэж ярьжээ. 

44 настай энэ хакер этгээд 2013 оны гуравдугаар сард Клинтоны туслах Сидни Блюменталийн аккаунтыг хакердан Клинтоны цахим шуудангийн серверт нэвтрэхдээ ашиглах мэдээллийг олж авсан байна. Марсель Лазар нь компьютерийн мэргэжил эзэмшээгүй хэдий ч Румыний нэгэн тосгоноос Клинтоны серверт халдаж байжээ. Румынд түүнийг 7 жилийн хорих ялаар шийтгэсэн бол дөрөвдүгээр сард АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Америкийн шүүх түүнийг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн 9 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Түүнийг шүүх хурал 9 дүгээр сард болох аж.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг