sonin.mn
 
АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубууд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1500 орчим оюутан, залуус оролцож байгаа талаар өнөөдөр АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны Сургалт зохион байгуулах штабаас мэдээлэв.
 
Тэднийг 50, 10-аар хуваан сургалтад хамруулж, АСЕМ-ын үйл ажиллагаа, сайн дурын ажлын талаар суурь мэдлэг олгож байгаагаас гадна багаар ажиллах чадвар эзэмшүүлэх практик хичээлийг тоглоомын аргад суурилан зааж байна.
 
Мөн олон улсын харилцаа, дипломат ёс, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баримтлах зарчим, сайн дурын ажилтны ажлын байранд тавих шаардлага, зохион байгуулалтын талаар мэдлэг олгох “Чиглүүлэх сургалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
 
“Чиглүүлэх сургалт”-ыг  АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны мэргэжилтнүүд болон ГХЯ-ны ахмад дипломатчид удирдан явуулах бөгөөд залууст хөтөч тайлбарлагчаар ажиллахад шаардлагатай мэдлэг олгох зорилгоор нийслэлийн түүх дурсгалт газруудтай танилцах аяллыг зохион байгуулна.
Түүнчлэн, эдгээр оюутан залуус АСЕМ-ын бэлтгэл ажлын хугацаанд “АСЕМ вилла” хотхоны зүлэгжүүлэлт, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн моджуулалт, хотын цэвэрлэгээ тохижилт зэрэг ажилд хувь нэмрээ оруулах юм. Тэднийг зохион байгуулах штаб Хүүхдийн ордонд байрлаж байгаа бөгөөд сайн дурын ажилтнууд аливаа үйл ажиллагаанд оролцохдоо ялгах тэмдэг, хувцас, хэрэгслээр жигдрэх аж.
 
Саяхан Улаанбаатарт болж өндөрлөсөн Ази, Европын түншлэлийн 9 дүгээр уулзалтын үеэр сайн дурын 50 гаруй хүн ажиллажээ. Тун удахгүй болох АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын, Сангийн сайд нарын болон Хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Иргэний уулзалтаар тус бүр 50 сайн дурын ажилтан ажиллана. Мөн Залуучуудын чуулганаар 30, Редакторуудын дугуй ширээний уулзалтаар 20, Бизнесийн уулзалтаар 100 хүн ажиллана. Харин Дээд түвшний уулзалтын үеэр 1200 сайн дурын ажилтан ажиллах аж.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг