sonin.mn

МОСКВА. /VOA/. НАТО-гийн цэргийн оролцоо Зүүн Европт идэвхжиж байгаатай холбоотойгоор ОХУ хил рүүгээ цэргийн гурван дивиз илгээнэ гэж мэдэгджээ.

Оросын баруун болон өмнөд хилд армийн дивизүүдийг нэмж байрлуулна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотноо болсон уулзалтын дараа мэдэгдэв.

“НАТО-гийн цэрэг ОХУ-ын хилийн ойролцоо төвлөрч байгааг сөрөн зогсох зорилгоор манай Батлан хамгаалах яам цуврал арга хэмжээ авч байна. Энэ онд багтаан Баруун цэргийн тойрогт хоёр дивиз, Өмнөд цэргийн тойрогт нэг дивизийг эмхлэн байгуулна. Үүний зэрэгцээ дээрх гурван дивизийг байрлуулах газруудад баазуудыг барьж байгаа” гэж тэрбээр мэдэгджээ.

Тэрбээр хэчнээн цэргийг ямар хугацаатай, хаана байрлуулах талаарр нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй боловч нэгдүгээр сард гурван дивиз эмхлэн байгуулах төлөвлөгөөнийхөө талаар дурдсанаас үүдэн тухайн үед Оросын хэвлэлүүд цэргийн тоо 30 мянга орчим байна гэж мэдээлж байжээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг