sonin.mn
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч МАН-д орж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн эгзэгтэй цагт эрэг дээр нь орхилоо гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна.
 
Яагаад МАХН-аас өөрсдийн итгэл үнэмшлээр гарсан Ч.Улаан, Д.Тэрбишдагвыг буруутгах ёстой гэж. МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгэн цагт бор оймсоо годолзуулаад ханьсах нөхөргүй, хамгаалах хууль, цагдаагийнхан үгүй цагт Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын гишүүд хамт байлаа.
 
Хамгаалж явлаа. Хэцүү нэртийн хаалга татаж явахад намыг нь босголцож, УИХ-ын 2012 оны сонгуульд амжилттай оролцож, бүлэг байгуулж, засагт орж ажиллахад хоёр гишүүний үүрэг оролцоо байсан нь тодорхой. Улс төрийн туршлагатай Ч.Улаан, Д.Тэрбишдагва мэтийн гишүүдийн буянаар Н.Энхбаярын өмгөөлөгчөөр хааяа зурагтаар гардаг байсан О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын хэний ч танихгүй гишүүд өндөрт гарсан биш гэж үү.
 
Ядаж л МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба шиг  телевизийн нэвтрүүлэгт орж, даргыгаа матсангүй. Удаан хугацааны туршид бодсоны эцэст шийджээ тэд. Үүнд мэдээж шалтгаан бий. УИХ-ын гишүүн Ч.Улаан МАН, МАХН-тай эвсэх ажлын хэсгийг ахалж ажилласан. Их л хичээл чармайлт гаргасан гэдгээ нуулгүй хэлдэг. Хоёр намын ахмадууд, эгэл жирийн дэмжигчдийн нэгдэж нийлээсэй гэсэн чин сэтгэлийн хүслийг Н.Энхбаяр гэдэг ганцхан хүний хэтэрсэн шуналаас болж, нураасан.
 
Харамсалтай. Дүн өвлөөс эхлээд сонгуульд хамт орно гэсэн битүүхэн хүлээлттэй байсан жирийн дэмжигч гишүүдэд бүр ч харамсалтай. Энэ ажлыг ахалж, зүтгүүлж байсан Ч.Улаан гишүүний хувьд мянга мянган эгэл жирийн гишүүдийн  өмнө буруутай мэт санагдаж, гонсойсон нь лавтай. Түүнтэй яг адилхан гонсойлттой гишүүн байсан нь Д.Тэрбишдагва. Тэр хэтээсээ л  хоёр нам сум, дүүргийн хэмжээнд эвтэй найртай байж, нэгдэж нийлэх учиртай гэдэг байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байлаа.
 
Н.Энхбаяр даргаасаа эмээхгүй эв нэгдлийн төлөө дуугарч байлаа. МАН-ын хамтарч сонгуульд орох саналыг Н.Энхбаяр хүлээж аваагүй нь ёстой хэлэн дээрх шар тосыг түлхсэнээс өөрцгүй явдал болсон. Үүнд нь Д.Тэрбишдагва бухимдаж, Бага чуулган дээрээ ч хатуухан үг чулуудаж, Н.Энхбаярын тойрон хүрээлэгчдийн дунд ад үзэгдэх болж. Цагдаагийнхан Н.Энхбаярыг баривчлах гээд үүдэнд нь бужигнаж байхад улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоож, шударга ёсыг тогтоохын төлөө байр сууриндаа хатуу зогсч байсан. Гэтэл МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг шударга бус болсныг мэдэрч удаа дараа мэдэгдэл гаргаж, хэвлэлээр ч үүнийгээ илэрхийлж байлаа.
 
"Шударга бус" бүлэгтэй дээр нь шунал үл дундрах даргатай энэ намд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар харин ч удаан тэссэн байж мэднэ. Өнгөрсөн хугацаанд МАХН-д итгэж санал өгсөн иргэдийг урмыг хугалж, шантаажны улс төрөөр хэдэн сайдын суудлыг солих болсныг хэн хүнгүй мэднэ. Сайдтай, бүлэгтэй, шантаажтай ядарч биш задарч явахад нь Ч.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ыг орхилоо.  МАХН-ынхан алдаагаа засаад улс төрийн урт замыг туулдаг санж уу, Улаан, Тэрбишдагвыгаа муулсаар ардаа үлддэг санж уу ёстой өөрсдөө л мэддэг байхдаа.
 
С.Пуужин