sonin.mn
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн шийдвэрийг хүлээж авна гэсэн бол Х.Тэмүүжин, Р.Амаржаргал, С.Одонтуяа, С.Дэмбэрэл, Ц.Баярсайхан нарын гишүүд эсрэг кноп дарсан юм.
 
Цэцийн шийдвэрийг хүлээж авснаар жагсаалтын 28 гишүүн түр түдгэлзэж, энэ парламент чадамжгүй боллоо гэх гишүүн ч байв. Харин УИХ-ын дарга З.Энхболд одоогийн УИХ чадамжтай, энэ асуудал дээр Цэц, УИХ хоёр нэг ойлголттой байгаа гэдгийг тодотголоо. Мөн тэрээр “Зургадугаар сарын 29-нд сонгууль болдгоороо болно, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна” гэсэн юм.
 
Гишүүдийн саналыг  тоймлов.
 
Ц.Даваасүрэн:
 
-Цэц тэнэгийн ухаан хойно гэдэг шийдвэр гаргасан. Сонгууль тулсан хойно ийм шийдвэр гаргасан нь захиалга байж болзошгүй гэж үзэх шалтгаан болсон. Учир нь сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн үед ийм шийдвэр гарсан. Одоо тойргоо томруулах эсвэл жижигрүүлэх тухай ярьж байна. Нөхцөл байдлаас үл ойлголцол үүслээ. Цаашилбал үймээн, самуун дэгдэх ноцтой байдал үүсэж болзошгүй. Мөн Үндсэн хуулийн цэцээр маргаан шийдвэрлэх тухай хуулийн 32.4-өөр Цэцийн шийдвэр гарснаас хойш Үндсэн хууль үйлчилж эхэлсэн байгаа. Тэгэхээр одоо 28 гишүүний  эрх Үндсэн хуулиар  түдгэлз­лээ. Ингэж төрөө сонин байдалд оруулж байна.
 
Б.Гарамгайбаатар:
 
-Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрээ дунд суудлын хуралдаанаар үгүйсгэж байгаа. Захиалгын шийдвэр гаргасан. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны эсрэг зогсож байгаад гайхаж байна. Хоёр алхмаар урагшилж байснаа хойш ухарлаа. МАН төлөвшөөгүй нам байна. Бид буруу юм хийсэн учраас одоо больё гэж байгаа нь 2016 онд яаж олонх болох вэ гэдэг бодол зүүдээрээ захиалгаа гаргачихаад сууж байна.
 
Р.Амаржаргал:
 
-Ийм холион бантанг Цэц өөрөө хутгалаа. Уг нь нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаснаа Цэц өөрөө шийдэх ёстой. Хоёр шийдвэрийн аль нь зөв, буруу гэдгээ өөрөө ол гээд Цэцэд үүрэг өгөх ёстой байсан. Мөн цаг хугацааны хувьд үүсээд байгаа асуудлын хариуцлагыг хэн, яаж хүлээхийг Цэц дээр ярих нь зөв байсан. Сонгууль дөхсөн ийм үед нийгмийн сэтгэл зүй, уур амьсгалд тааруулж эрхэм гишүүд саналаа өглөө гэж ойлгож байна.
 
Л.Энх-Амгалан:
 
-Цэцийг нийгэмд ойлгомжгүй, ирээдүйд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй ноцтой дүгнэлт гаргасан гэж харж байна. Сонгуулиа хийгээд явлаа гэхэд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй юм болох вий. Долдугаар сарын 1-ний гашуун туршлага бий. Яг ийм нөхцөл байдал үүсэх вий гэж болгоомжилж байна. Энэ асуудлаар Р.Гончигдорж гишүүн санал хураалтад оролцохгүй гэхэд би гайхаж, эргэлзэж, айж байсан юм. Магадгүй ямар нэг тохиолдлоор Р.Гончигдорж гишүүн Цэцийн дарга боллоо гэхэд намайг дарга болохоос өмнө даргагүй Үндсэн хуулийн цэц ажлын хэсэг гаргаад хууль бус дүгнэлт хийсэн гэж ярих вий гэдэгт эмзэглэж байна гэсэн юм.
 
УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн шийдвэрийг хүлээн авч тогтоолын төслийг батлав. Одоо Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах юм. Энэ талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд  өчигдөр орой хуралджээ. Гэвч ямар нэгэн шийдэлд хүрээгүй бололтой.
 
Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин