sonin.mn

Үйлдвэрлэлийн ослоор жилд 400 орчим осол бүртгэгдсэнээс 50 орчим хүн амь насаа алдаж 200 гаруй нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн тооцоо бий. Тэгвэл Чингис зочид буудлын хурлын танхимд 21 аймаг 9 дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон нутгийн мэргэжилтнүүд мэдлэгээ тэлж байна.

Хөдөлмөрийн яамнаас жил бүр зохион байгуулдаг тус сургалтын гол зорилго нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн чанарыг сайжруулахад мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд  чиглэдэг байна.

 Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын  ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ ярихдаа, “Эл сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Монгол Улс 2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуультай болсон.  Үүнээс хойш  дээрх хуулийн 30 орчим хувьд нь нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлтийн чиг хандлага нь хөгжиж буй орнуудын  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалтай хөл нийлүүлэхэд чиглэсэн. Хууль эрхзүй бодлого талаасаа боловсронгуй болж байна. 2012 онд Хөдөлмөрийн яамтай болсноор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтнүүд орон нутагт бий болсон нь дэвшил юм.  Сүүлийн жилүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирч, осол аваар буурах хандлагатай байна. Үйлдвэрлэлийн ослын хувьд зөвхөн уул уурхай, барилгын салбарт гараад байгаа хэрэг биш. Боловсрол, эрүүл мэндийн салбар дахь ослын тоо 7-8 хувьтай байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлснээр олон үр дүн гарч байна” гэлээ.

 Б.Заяа

 Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг