sonin.mn
 
Боловсролын үнэлгээний асуудлаар хийсэн багш, судлаач, эрдэмтдийн судалгаа туршилтын үр дүн нь боловсролын салбар дахь үнэлгээний тулгамдсан асуудлыг шийдэхэд гарц болно хэмээн хоёр өдөр үргэлжилсэн “Боловсролын үнэлгээ” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцлов.
 
 
Тус хурлыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран 11 дэх жилдээ зохион байгуулсан юм.
Хуралд Монгол, Финланд, Япон, БНХАУ, Гонконг, Казахстан, Канад, ОХУ, Филиппин, БНСУ, ХБНГУ, Франц улсын их, дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцов.
Хуралд оролцогчид “Монголын ЕБС-ийн дунд ангийн багш нарын мэргэжлийн мэдлэг чадвар, хандлагын үнэлгээний үр дүн”, “Даалгаврын хариултын онол”, “Суралцагчийн өөрийн үнэлгээг бодит болгох зарим аргыг туршсан нь” зэрэг судалгааны болон эрдэм шинжилгээний үр дүнгийн талаар нийт 50 гаруй сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэд боловсролын үнэлгээний эцсийн үр дүн нь хүний хөгжлийн болон боловсролын үнэлгээний чанар, өгөөжийг дээшлүүлэхэд чиглэдэг гэдгийг тодотгож байв.
Мөн ЕБС-ийн сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, багшийн ажлыг үнэлэх, дунд сургуулийн сурагчдын өөрийн үнэлгээ, асрамж, халамжийн төвд амьдарч байгаа өсвөр насныхны нормативыг тогтоох туршилт судалгааны үр дүн зэрэг ЕБС-ийн болон хүүхдийн хөгжлийн үнэлгээний асуудлыг хэлэлцлээ.
Финландын улсын Оулугийн их сургуулийн захирал Марко Киелинен хэлэхдээ, “Бид оюутны чадварыг үнэлэх үнэлгээг хийхийн тулд эхлээд оюутнуудын санаа бодлыг сонсон, эргэх холбоо үүсгэн хамтран ажилладаг. Үнэлгээг боловсруулах явцад оюутнуудын төлөөллийг заавал оролцуулснаар шударга, үнэн зөв, бодитой үнэлгээ гардаг. Бид сургалтын үйл ажиллагаандаа үнэлгээний олон төрлийн аргыг хэрэгжүүлэн ажилладаг. Тухайлбал, оюутнуудаар эссэ бичүүлдэг. Хэт олон шалгалт авдаггүй. Сүүлийн үед өөрөө өөрөөсөө суралцахуй гэсэн аргачлалыг голчилж байна. Тухайн оюутанд ямар нэгэн сэдэл тэмүүлэл өгч, зорилготой болгох аргачлалыг сургалтын системдээ нэвтрүүллээ. Манай улсад энэ аргачлалын талаар олон судалгаа хийж байгаа. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтээр оюутныг өөрөө өөртэй нь ажиллуулах энэ арга зүйд чиглэж, анхаарч ажиллах болсон” гэсэн юм.
Тус хурлын илтгэлүүдээр эмхэтгэл хэвлүүлсэн бөгөөд удахгүй сургуулиудад тараах аж.
Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг