sonin.mn
Монгол Ардын нам өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос хамгийн түрүүнд батламжаа гардан авлаа. Өмнө нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр  сарын 20-ны өдөр мөрийн хөтөлбөрөө нэгдүгээрт Үндэсний Аудитын газар аваачиж өгсөн.
 
Түүнчлэн 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр УИХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж, холбогдох албан бичиг болон мөрийн хөтөлбөрөө Сонгуулийн Ерөнхий хороонд  МАН-ын удирдлагууд мөн хамгийн түрүүнд хүлээлгэн өгсөн билээ. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ 13 нам, гурван эвсэл СЕХ-нд өгчээ. Намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад, 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, өнөөдөр батламж гардууллаа. СЕХ ХҮН, ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан тул бүртгэхээс татгалзсан байна. Харин ИЗНН-ын дарга нар нь гарын үсгээ зураагүй, бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас сонгуульд оролцох эрх олгоогүй гэж СЕХ-ноос мэдэгдлээ.
 
Ц.Тунгаа