sonin.mn

Сонгуулийн Ерөнхий хорооноос ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэр гаргасантай холбогдуулж тус намын дарга Ц.Ганхуяг тэргүүтэй намын гишүүд, дэмжигчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

ИЗНН-ын намын дарга Ц.Ганхуяг, “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэлээ.

Тус намаас гаргасан мэдэгдэлд, "Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгэх бүртгэлээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо" гэжээ.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг