sonin.mn
УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл эрх зүйн чадамжгүй болсон тул татан буугдахаар боллоо. Учир нь УИХ-д 8-аас дээш суудалтай нам, эвсэл өөрийн гэсэн бүлэг байгуулах эрхтэй болдог. Ийм ч учраас УИХ-ын 2012 оны сонгуульд 11 УИХ-ын гишүүнтэй болсон тул  МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвсэл  албан ёсны бүлгээ байгуулсан юм. Гэвч Д.Батцогт АН-д, Г.Уянга, Л.Цог нар Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намд тус тус элсэж, бүлгээ орхисон тул ердөө 8 гишүүнтэй болоод байсан юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа зарласнаар  УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг эрх зүйн чадамжгүй болж, татан буугдаж байна. Тун удахгүй УИХ-ын даргын тогтоол гарч, тус бүлэг татан буугдсаныг албан ёсоор зарлах учиртай. Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн Баасан гарагт буюу 4 сарын 29-нд бүлгийнхээ даргаар сонгогдсон. Өнөөдөр бүлэг нь татан буугдсанаар тэрээр ажлын 3  хоног  буюу 72 цаг л УИХ дахь  бүлгийн даргаар ажилласан болж түүхэнд үлдэж байна.
 
П.Мандах