sonin.mn
СЕХ-ноос өнөөдөр 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох 11 нам, гурван эвслийн батламжийг гардуулсан. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 
 
-СЕХ хоёр намыг бүртгэхээс татгалзсан байна. Ямар шалтгаанаар энэ хоёр намыг бүртгээгүй вэ?
 
-Нам эвслүүд сонгууль болохоос 60 хоногийн өмнө сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлэх ёстой. Энэ хугацаанд 13 нам, гурван эвсэл материалаа өгсөн. Сонгуулийн ерөнхий хорооноос томилогдсон ажлын хэсэг намуудын баримт бичгийг шалгаад хорооны хурлаар оруулсан. Хурлаар 11 нам, гурван эвслийг бүртгэх шийдвэр гарлаа. ХҮН, ИЗНН гэсэн хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
 
Сонгуулийн тухай хуулиар бол сонгуульд оролцох нам 10, эвсэл 11 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН-ын хувьд бичиг баримтаа дутуу ирүүлсэн. Сонгуулийн дансны материалаа өгөөгүй. Мөн ирүүлсэн бичиг баримт нь хоёр өөр тамгатай байсан. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд энэ намыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн. ИЗНН-ын бичиг баримт ч учир дутагдалтай байсан. Тогтоол дээрээ намын дарга С.Оюун гарын үсэг зураагүй байсан. С.Оюун дарга өөрөө ирж тайлбараа өгсөн. ИЗНН гурван даргатай. Сонгуульд орох хүсэлтэд Д.Ганхуяг дарга гарын үсэг зурсан байсан. Гарын үсэг зурсан даргыг нь Улсын дээд шүүх албан ёсоор баталгаажуулаагүй байсан. Энэ мэт бичиг баримтын зөрчилтэй байсан учраас энэ хоёр намыг бүртгэхээс татгалзсан.
 
-МҮАН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. МҮАН-ын гишүүн АН-ын нэр дээр дэвшиж болох уу?
 
-Хуулиар ямар нэгэн намын гишүүн өөр намын нэр дээр сонгуульд оролцох боломжгүй.
 
-Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүслээ. Үүнтэй холбоотой сонгуулийн бэлтгэл ажилд ямар өөрчлөлт орох вэ?
 
-Сонгуулийн тухай хууль гарснаас хойш Сонгуулийн ерөнхий хороо цаг хугацааны хуваарь гаргасан. Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авснаар Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Цэцийн дүгнэлтээс гадна өөр ямар ч заалтад өөрчлөлт ороогүй. Тиймээс графикийн дагуу ажлаа хийгээд явж байна. Энэ сарын 5-наас нэр дэвших ажиллагаа эхлэх ёстой. Хуулинд өөрчлөлт орохгүй бол энэ ажил хугацаандаа эхэлнэ. Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох байгууллагын хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас гарсан хуулийг хэрэгжүүлж ажиллана. Одоогоор хуулинд заасан хугацаандаа ажлаа хийж байна.
 
-Саналын хуудсаа хэвлэсэн үү?
 
-Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлээгүй байхад саналын хуудас хэвлэхгүй. Хуулиараа нэр дэвшүүлэх ажиллагаа дуусаад, нийтэд мэдээлсний дараа саналын хуудсыг хэвлэнэ. Тодруулбал, зургадугаар сарын эхээр саналын хуудсаа хэвлэнэ.
 
Б.Туул
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг