sonin.mn
ХҮН, ИЗНН-ыг Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгэхээс татгалзжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын 2016 оны сонгууль АН, МАН гэсэн гол тоглогчдын дунд өрнөх бололтой.
 
Улс төрийн шантаажаар үргэлж ашиг хонжоо хайж байдаг МАХН "Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий" гэдгийн үлгэр боллоо. МАН-тай нэгдэхгүй гэж хамраа сөхөж байх зуур итгэл найдвар тавьж байсан намын нэрсийн жагсаалтыг Үндсэн хуулийн Цэцээс байхгүй болгох шийдвэр гаргалаа.
 
Хэдийгээр "Шударга ёс" эвслийн бүлэг Цэцийн шийдвэрийг завсарлагаар торгоож, дараагийн алхмаа бодож байгаа ч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН руу орохоор зэхэж байгаа нь хүнд цохилт болов.
 
Өдөр тутмын сонинд "Шударга ёс" эвслийн шударга бус үйлдлүүдээс залхаж буйгаа дээрх гишүүд ний нуугүй ярьжээ. Товчхондоо бол МАН руу орохоор сэтгэл шулуудчихаад яваа нь тэр. УИХ-ын 2012 оны сонгуулиар МАХН МАН-ын саналыг хувааж, АН-ынхан засаг барих эрхийг атгуулсан. Яг үүнтэй адилаар ХҮН, ИЗНН зэрэг жижиг намууд АН-ын саналыг хуваах магадлалтай байв.
 
Тиймээс эрх баригчид айсан уу МҮАН-тай тохиролцож, АН-ыг дэмжүүлж сонгуульд орохоор болж, үлдснийг нь эхнээс нь бүртгүүлэхгүй хориг саад тавьж эхэлсэн бололтой юм. Цахим ертөнцөд ХҮН, ИЗНН-ыг бүртгээгүй нь АН-тай холбоотой хэмээн агсамнах хүмүүс ч байна.
 
ХҮН намын албан бус дарга гэгдээд байгаа Т.Ганболд АН-д албан бичиг хүргүүлж, дэмжиж оролцохоо илэрхийлсэн ч намын нөхөд нь Сонгуулийн Ерөнхий хороонд бие даан нэр дэвшихээ аль эрт илэрхийлсэн юм.
 
Өөрөөр хэлбэл ХҮН-ыг Т.Ганболдоор уургалах гэсэн АН-ын оролдлого бүтэлдгүйсэн учраас эрх баригчид шахалт үзүүлж байгаа нь энэ. Парламентад суудалгүй намуудын дунд хууль, цагдаа, хүчний байгууллагыг гартаа атгасан АН-ынхнаас айж байгаа нь нууц биш. Хууль журмыг тооддоггүй болохоор давуу байдлаа ашиглан жижиг намуудыг намнахвий гэсэн айдас түгээмэл байна.
 
С.Дүүрэн