sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол хэлний үндэсний зөвлөл, Нийслэлийн боловсролын газраас хамтран өнөөдөр Чингисийн талбайд Үндэсний бичиг, соёлын өдрийг тохиолдуулан“Мянган эрдэнийн судар” ном бүтээх, хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
 
Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх болон “Ном” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад үндэсний бичиг сургах, судлуулах, дамжуулан өвлүүлэх зорилгоор 10 дугаар ангийн сурагчдын дунд зүйр цэцэн үг, мэргэн сургааль үгсийг бийрээр бичиж судар бүтээх аян өрнүүлсний хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Чингис хааны шагналт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, монгол хэлний эрдэмтэн, судлаачид, дунд сургуулийн багш, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.
 
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “УИХ-ын эрхэм гишүүд, сайд, дарга нар, Эзэн богд Чингис хааны талбайд хуран цугларсан та нартаа Үндэсний бичиг соёлын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргаснаас хойш монгол бичгийн хэрэглээ түгэн дэлгэрч, Монгол Улс Монгол хэлний тухай хуультай болж, өнөөдөр 10 гаруй мянган хүүхэд багачууд үндэснийхээ бичгээр ном бүтээж байгааг хараад үнэхээр баяртай байна. 2010 оноос хойш төр, засгийн тэргүүнүүдийн гадаад орнуудтай харилцдаг албан бичиг монгол бичгээр бичигдэж эхэлсэн.
 
Мөн Монгол Улсын төрөөс иргэдэд олгодог төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, боловсрол эзэмшсэний гэрчилгээ, диплом зэрэг баримт бичгүүд монгол хэлээр хадагдаж олгогддог ажил хэвшил болоод байна. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн веб хуудас анх удаа монгол бичгээр гардаг болсон бол одоо төрийн болон төрийн бус байгууллагууд монгол бичгээр веб хуудсаа гаргадаг болж байна. Өнөөдөр Монгол хэлний үндэсний зөвлөлийн веб хуудас нээгдэж байна.
 
Товчдоо бол нэгэн үе адлагдаж байсан монгол бичиг маань сэргэж, түүхийн тасарсан аргамж хэлхэгдэж, холбогдож, бүрэн бүтэн болж байгаад үнэхээр баяртай байна.
Өнөөдөр энэ олон мянган хүүхдийн бүтээлийг хараад маш их баярлаж байна. Үнэхээр сайн цаг ирсэн юм байна. Үндэсний бичиг, үсэг, соёл маань сэргэж байгаа юм байна.Даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монголчуудын бусдаас ялгарах, ондооших, омогших зүйл бол эцсийн дүндээ монгол хэл, монгол бичиг үсэг, монгол соёл юм.
Тийм учраас энэ хүүхдүүд, энэ хүүхдүүдэд монгол хэл заасан монгол хэлний багш нарт, түүнийг дэмжсэн нийслэл, БСШУЯ, энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа бүх хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Баярлалаа” гэв.
 
“Мянган эрдэнийн судар” ном бүтээх аяны хүрээнд ерөнхий боловсролын 117 сургуулийн 16 мянга гаруй сурагч хамрагдаж монгол ардын зүйр цэцэн үгс, сургааль үг, мэргэн үгсэд судалгаа хийн цуглуулж, монгол бичгээр, бийрээр бичин ном бүтээсэн байна. Сургууль бүр бийрийн бичлэгийн сургалт зохион байгуулж 10 дугаар ангийн 16700 гаруй сурагч үүнд хамрагджээ. Нийт мянган сурагч бийрээр бичсэн 8000 үг бүхий 1000 хуудас ном бүтээж БСШУ-ны сайдаар уламжлан Үндэсний төв номын санд бэлэглэхээр болсон байна.
 
Чингисийн талбайд болсон арга хэмжээний үеэр сурагчид С.Дуламын “Хүмүүн бичиг” шүлгийг бийрээр бичин цугларсан олонд сонирхууллаа.
Мөн тэргүүний багш, сурагчид, заах аргын нэгдлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Монгол хэлний үндэсний зөвлөл, Нийслэлийн боловсролын газрын шагнал хүртсэн юм.