sonin.mn

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарт сурч, мэргэжил эзэмшиж буй залуусын ур ухааныг сорьдог “Монгол ур чадвар-2016” тэмцээний сантехникийн мэргэжлийн улсын уралдаан Ховд аймагт дөрөвдүгээр сарын 28-29-нд болж дүнгээ гаргалаа. Тэмцээний нээлтийн ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож багш сурагчдад амжилт хүссэн.

Хөдөлмөрийн яам, Монголын барилгачдын холбоо, Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллеж хамтран зохион байгуулсан улсын уралдаанд Хэнтий, Төв, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дархан-Уул аймаг дахь МСҮТ,  Баянхонгор политехник коллеж, Техник технологийн дээд сургууль,  Барилгын политехник коллеж,  “ Улаангом” политехник коллеж,  Барилга, технологийн коллеж, Налайх МСҮТ, Дорнод политехник коллеж, Ховд аймгийн “Хөгжил” политехник коллеж гэсэн нийт 16 сургуулийн багш, суралцагчид оролцож ур чадвараа сорилоо.

Тэмцээнд зориулан Ховд хотын төв талбайд оролцогчийн тоогоор тусгай кабин засч, хэрэглэгдэх материалуудыг урьдчилан зэхсэн байсан бөгөөд залуус ерөнхий бэлтгэл, халаах хэрэгсэл угсрах, цэвэр усны шугам угсрах, бохир усны шугам угсрах гэсэн ажилбаруудыг өгөгдсөн ажлын зургийн дагуу зургаан цагийн хугацаанд хийж гүйцэтгэх даалгавартай байсан юм. Тэднийг даалгавраа хэрхэн биелүүлж буйг шүүгчид байнга ажиглан оноогоор дүгнэж байсан бөгөөд гадаа талбайд ил болж буй тэмцээнийг хүссэн хүн бүхэн үзэж сонирхох боломжтойгоор зохион байгуулсан нь  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын үр өгөөж, суралцагчдынх нь чадварыг сурталчилсан сайн арга хэмжээ болсон.

“Монгол ур чадвар-2016” тэмцээний сантехникийн мэргэжлийн улсын уралдааны ерөнхий шүүгчээр Монгол Улсын зөвлөх инженер О. Занданхүү ажиллаж, шүүгчдийн багт Монголын барилгачдын холбооны гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер Г.Шоовдор, Монгол Улсын мэргэшсэн инженер Ц.Соёлмаа, Т.Батболд, Д.Дарамбазар нар багтсан байлаа. Тэмцээний цаг дуусахад шүүгчид хүүхэд бүрийн хийж гүйцэтгэсэн ажлыг шалгаж, угсралтыг өгсөн зургийн дагуу зөв хийсэн эсэхийг шалгахын хамт  мэргэжлийн хүний хувьд багаж тоног төхөөрөмж, материалтайгаа хэрхэн харилцаж, ажлын байрны эмх цэгцийг яаж хангаж буйг ч нэг нэгэнгүй шалгаж нягталсан.

Энэ бүгдийн эцэст уралдаанаас гурван түвшинд зургаан сургууль шалгаруулан байр эзлүүлсэн юм. Нэгдүгээр түвшинд Барилгын политехник коллеж, Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн оролцогчид шалгарсан бол хоёрдугаар түвшинд Техник технологийн дээд сургууль, Баянхонгор политехник коллежийн баг орж аман хүзүүдэв. Харин гуравдугаар түвшинд Говь-Алтай МСҮТ,  Дундговь МСҮТ шалгарч, эдгээр зургаан баг дараагийн шатны тэмцээнд дахин хүч үзэж шилдгийн шилдэг нэг оролцогч ирэх 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авах юм.