sonin.mn

БЭЭЖИН./VOA/. Хятадын цахим хуудасны асуудал эрхэлсэн байгууллага нэгэн оюутны үхэлтэй холбогдуулан тус улсын “Baidu” хайлтын цахим хуудсыг шалгахаар болжээ. 

Учир нь, Вэй Зөси гэдэг оюутан маш ховор тохиолддог хорт хавдраар өвчилсөн бөгөөд эмчлүүлэх арга чарга хайн  “Baidu” цахим хуудсанд хандсан ажээ.

21 настай Вэй Зөси “Baidu” цахим хуудсыг ашиглан эмчилгээ хийлгэх газар хайж, улмаар Бээжин дэх Зэвсэгт цагдаагийн корпусын хоёрдугаар эмнэлгийн тасгаас туршилтын эмчилгээ хийлгэх санал хүлээн авчээ. Гэвч эмчилгээ амжилтгүй болсон байна.

Тэрбээр нас барахаасаа өмнө “Baidu” цахим хуудсыг "буруу мэдээлэл өгсөн болон дээрх эмнэлгийн  эмчилгээний үр дүн маш сайн гэсэн хуурамч сурталчилгаа нийтэлсэн" гэж буруутгажээ.

"Нэлээд найдвартай гэж тооцогддог цэргийн эмнэлгүүдийн нэг байсан, түүнчлэн хариуцсан эмч нь хэвлэлээр байнга гарч байдаг болохоор эмчилгээ амжилттай болно гэж итгэж байлаа" хэмээн талийгаачийн эцэг эх хоёр ярилаа.

“Вэй Зөситэй холбоотой хэрэг цахим хуудсанд тархаж, олны анхаарлын төвд ороод байна. Энэ хэрэгтэй холбогдуулан “Baidu” компанийг шалгаж, асуудлыг хуулийн дагуу зохицуулна. Мөн мөрдөн шалгалтын явцыг олон нийтэд танилцуулна” гэж БНХАУ-ын цахим хуудасны асуудал эрхэлсэн зохицуулагч байгууллага мэдэгджээ.

Харин “Baidu” компани Вэй Зөси нас барсанд гүнээ харамсч байгаагаа илэрхийлжээ. Мөн тус компани мөрдөн шалгах ажиллагааны явцад хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг