sonin.mn
 
РИО-ДЕ-ЖАНЕЙРО /ТАSS/. Бразилын сөрөг хүчин болох Социал-демократ намын дарга бөгөөд Сенатын гишүүн Аэсио Нэвис /Aecio Neves/-ийг авлигын хэрэгт холбогдуулан шалгах хүсэлтийг тус улсын Ерөнхий прокурор Родриго Жано шүүхэд хандан гаргажээ.
 
Нэвис нь эрчим хүчний “Фурнаш” /Furnas/ компаниас хээл хахууль авсан хэрэгт нэр орооцолдоод байгаа юм.
 
Прокурорын үзэж байгаагаар, төрийн эзэмшлийн Eletrobras компанийн охин компани болох Фурнаш-аас Нэвис хахууль авсан байж магадгүй аж. Ингэж үзэх үндэслэл нь өнгөрсөн оны сүүлчээр авлигын хэрэгт холбогдон баривчлагдсан Сенатын гишүүн Делсидиу Амарал-ын өгсөн мэдүүлэгтэй холбоотой гэнэ. Мөрдөн байцаалтад тус хүргэн хамтран ажиллах аваас ялыг нь хөнгөрүүлнэ гэж Амарал-д амласан тул тэрбээр дээрх мэдүүлгийг өгчээ.
Харин сөрөг хүчний удирдагч өөрийг нь авлигын хэрэгт буруутгаж байгааг ямар ч үндэслэлгүй хэмээн няцаалаа. 
 
Нэвис-ээс гадна Бразилын парламентын доод танхимын дарга Эдуарду Куньи-г мөн адил мөрдөн шалгах талаар тус улсын Ерөнхий прокурор шүүхэд хүсэлт гаргасан байна. Куньи бол төрийн мэдлийн Petrobras компанитай холбоотой авлигын дуулианд нэр нь холбогдсон улстөрчдийн нэг юм. Тэрбээр өрөмдлөг хийдэг хөлөг онгоц худалдан авах гэрээ байгуулахад нь дээрх компанид “тус хүргэснийхээ” төлөө 5 сая долларын шан харамж авсан бололтой.
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг