sonin.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийв.

 

Тус хуралдаанд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний байдал, уг өвчний тархалтыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийсэн байна. Ц.Оюунбаатар долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 өвчтөн хандсаны 1515 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 315 нь хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 0-1 насны 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлжээ.

ХӨСҮТ, ЭХЭМҮТ болон аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 400 гаруй сая төгрөгийн нэн шаардлагатай эмийг хуваарилсан байна. АШУҮИС болон Сувилахуйн сургуулийн 800 гаруй оюутныг өрхийн эмнэлгүүд, ХӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт нэмэлтээр хуваарилан ажиллуулж байгаа гэнэ. НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан вакциныг энэ сарын 5-нд хүлээн авах ба дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаа тухай танилцуулгад дурдав.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг