sonin.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” хэрэгжинэ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” болон “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд боомтуудын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж, гаалийн автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэх ажлууд багтаж байна. Мөн гадаад худалдааны цахим нэг цонхны системийн бэлтгэл ажлууд хийгдэх юм. Төсөл хэрэгжсэнээр худалдаа эрхлэх ажиллагаа хялбар, ойлгомжтой болж, шаардлагатай зөвшөөрөл, лицензийг нэг хандалтаар, нэг дороос авах боломж бий болно. Гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа, зардал багасч,  худалдааны эргэлт нэмэгдэн, өрсөлдөх чадвар сайжирна. Гааль, татварын мэдээллийн систем харилцан уялдаатай ажилладаг болсноор бодит мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэж, нэгдсэн мэдээллийн системтэй болно гэж тооцоолж байна.

  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр байгуулна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр амжилттай хэрэгжсэн туршлагад үндэслэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Австри улсын техник, технологийг нэвтрүүлэх сонирхолтой төслийн хэрэгцээ, шаардлага их байгааг харгалзан Санхүүгийн хамтын ажиллагааны  хэлэлцээр байгуулахаар тохиролцоод байна.

  Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг хоёр жилийн хугацаатай байгуулах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх төслүүдийг бүрэн тохиролцох юм. Хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, хотын усан хангамж, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, төмөр зам, замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын төслийг санхүүжүүлнэ. 

Товч мэдээ:

-  Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотод 2016 оны 4 дүгээр сарын 4-5-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Болгарын Засгийн газар хоорондын комиссын 6 дугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаад даалгалаа.

-  “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

-  “Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний байгууллага”-д гишүүнээр элсэхийг дэмжиж, гишүүнчлэлийн төлбөрт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

-  Дэлхийн цогц ажиглалтын мэдээ, мэдээллийг солилцох, ашиглах чиг үүрэг бүхий Газар дэлхийг ажиглах бүлэгт гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзээд гишүүнээр элсэх хүсэлтийг албан ёсоор уламжлахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт даалгалаа.

-  Хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газрын зарим чиг үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэх зорилгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгалаа.

-  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудад ажилласан тухай Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

-  Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газраас мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулсан “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх дунд хугацааны стратеги, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”, “Хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх заавар”-ын төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг судалж тусган эцэслэн боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад даалгалаа.

-  “Гоц халдварт өвчинтэй тэмцэх бүс тогтоох, уг бүсэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”, “Мал эмнэлгийн хяналтын цэгт хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус баталлаа.

-  Хаврын тариалалтад зориулж улсын нөөцөд хадгалагдаж байгаа 5000 тонн улаанбуудайн үрийг тариалан эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөлтэйгээр худалдаж, борлуулалтын орлогоор нь 2016 оны 12 дугаар сарын 1-ний дотор нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.