sonin.mn
 
ВАШИНГТОН. /ВВС/. Эртний хүмүүсийн ясан дахь ДНХ /дезоксирибонуклейны хүчил/-д хийсэн судалгаа нь мөстлөгийн үед Европт амьдарч байсан оршин суугчдын гарал үүслийн нууцыг тайлахад тус дөхөм боллоо.
 
 
Эрдэмтэд 45 000 болон 7 000 жилийн тэртээ амьдарч байсан 51 хүний геномд судалгаа хийсний дүнд эдгээр эртний хүмүүсийн биологийн мэдээлэл, тухайлбал, арьс, нүдний өнгө болон янз бүрийн үндэстний хүмүүс өөр хоорондоо ямар холбоотой байсныг тодруулсан байна.
 
Мөн Европын неандертал угсаа гаралтай хүмүүсийн тоо цаг хугацааны эрхээр буурч байсан нь магадгүй байгалийн шалгаралтай холбоотой байсныг судалгаагаар нотолжээ.
 
“Nature journal” сэтгүүлд нийтэлсэн уг судалгаа нь 40 мянган жилийн тэртээх эртний бүдэг түүхийг бага боловч тодруулж, нүүдэллэх эртний хэв маяг нь одоогийнхтой адил  нарийн төвөгтэй байсныг харуулж байна.
 
Европ тивд хамгийн анх ирсэн хүмүүс одоогийн хүн амын тоонд төдийлөн ихээр нөлөөлөөгүй аж. Харин 37 000-14 000 жилийн өмнө Европт амьдарч байсан өөр өөр гаралтай хүмүүс нэгэн төрлийнхний үр удам байжээ .
 
Эдгээр хүмүүсийн төрх, хувь заяа, амьдралын хэв маяг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хувиран өөрчлөгдсөн болохыг уг судалгаанд дурдсан байна.
"Судалгаанд ашигласан эртний 51 хүний араг яс нь одоогоор олдоод байгаа тухайн үеийн хүний араг ясны томоохон хэсгийг бүрдүүлж байна. Европт орчин үеийн хүмүүс амьдарч эхэлсэн тэр цаг үед байсан эртний хүмүүсийг судалснаар тэд цаг хугацааны эрхээр хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг тодорхойлох зураглалыг гаргах боломжтой боллоо" гэж Бостон хот дахь Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор, судалгааг бичсэн Дэвид Рейх ярилаа.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг