sonin.mn
160503-5
 
Монгол Улсын Гадаад хэргийн яам, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулганыг 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Парис хотын алдарт Галерей Ла Файет Их дэлгүүрийн хурлын танхимд зохион байгуулав.
 
Чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн мэндчилгээ дэвшүүлэн, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, түүнчлэн дэлхийгээр тархан амьдарч байгаа монгол угсаатан ахан дүүст чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.
 
Чуулганд Франц, Англи, Итали, Герман, Монголоос хүрэлцэн ирсэн 12 илтгэгч аялал жуулчлал, соёл урлаг, архитектор, мэдээллийн технологи, оюуны өмчийн салбаруудад Монгол Улсад нэвтрүүлэхүйц шилдэг туршлага, саналын талаар илтгэл танилцуулсан ба Монгол, Франц, Герман, Их Британи, Бельги, Итали, Нидерланд, Турк, Швед, Турк, АНУ, Ирланд, Унгар, ОХУ, Япон, Швейцар зэрэг орнуудаас  нийт 140 гаруй төлөөлөгч оролцсон нь чуулганд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, ач холбогдолтой арга хэмжээ болж буйг  нотлов.
 
160503-6
 
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан чуулганыг нээж мэндчилгээ дэвшүүлсэн ба илтгэгчдэд Гадаад хэргийн яамны өргөмжлөлийг гардуулав.
 
Чуулганы төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар нийт оролцогчид хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцож, эрхэлж буй ажил, суралцдаг сургуулийнхаа талаар бусаддаа танилцуулах, санал бодлоо солилцох чөлөөт яриаг хамтдаа өрнүүлэв.
 
Чуулганы дэд хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сарын 29-нд Европын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй монгол холбоод, үүсгэл санаачлагын байгууллагуудын тэргүүн нар Элчин сайдын яаманд мэдээлэл солилцох уулзалтыг хийсэн нь холбоод хамтын ажиллагаагаа танилцуулах, өөрсдийн өмнө тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх санаа оноо, төр засгийн зүгээс шаардлагатай туслалцаа дэмжлэгийн талаар ярилцах боломж олгов. Энэхүү уулзалт болон чуулганд Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг гадаад сурталчилгааны чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, үр дүн, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.