sonin.mn
 
ТОКИО./TASS/. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар худалдан авагчдын бодит эрэлт болон цаг уурын байдлыг загварчлан гаргасны үндсэн дээр хүнсний бүтээгдэхүүний хэт үйлдвэрлэлийг багасгах асуудлыг шийдэж болно. Энэ  чиглэлээр Японы эрдэмтэд шаргуу ажиллаж байна.
 
Ажил хэргийн хүрээнийхний уншдаг гол сонин болох Nikkei-д бичсэнийг үзвэл, Япон улсад жилдээ 6,4 сая тонн хоол хүнс эрэлт байхгүйн улмаас хог хаягдал болон хувирдаг ажээ.
 
Японы Цаг уурын холбооны шинжээчдийн хийсэн судалгаагаар, нийт компаниудын 30 хувь нь худалдан авагчдад хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг зөв тооцож чаддаггүй гэнэ. Тухайлбал, хүнс үйлдвэрлэгч нэгэн компани хүйтэн лапшанд зориулсан соусыг асар их хэмжээгээр хог дээр хаядаг байх жишээтэй. Ийм үрэлгэн байдал юутай холбоотой вэ? Ойрын үед хэт хүйтэн байх учраас хүйтэн лапша идэх хүний тоо эрс буурна гэдгийг тус компанийн маркетингийн мэргэжилтнүүд тооцож чадаагүй хэрэг. Тэд цаг агаарын мэдээг төдийлөн тоодоггүйгээс компани нь ийнхүү алдагдалд орж байгаа юм.
 
Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар худалдааны цэгүүдээс ирж буй борлуулалтын мэдээг ашиглан үйлдвэрлэлийн хэмжээг тун ойролцоо тогтоох боломжтой. Түүнчлэн худалдан авагчдын зан байдлын онцлогийг нийгмийн сүлжээг ашиглан тодорхойлох аж. Тухайлбал, 30-аас дээш насны эмэгтэйчүүд гэхэд бороотой өдрүүдэд дэлгүүр хэсэх дуртай байдаг гэнэ. Гэтэл үүний шалтгааныг ердийн программаар тодорхойлох боломжгүй.
 
Японы эрдэмтэд одоогоор хиймэл оюун ухааны туршилтыг хийж байгаа бөгөөд түүнд 30 орчим компани оролцож байгаа аж. Тэд хиймэл оюун ухааны программ хангамж ашиглан хүйтэн лапшаны соус, шар буурцагны тараг, хийжүүлсэн ундаа зэрэг бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх, борлуулах нь зохистой вэ гэдгийг тодорхойлохоор ажиллаж байна.     
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг