sonin.mn
 
Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 23 дахь жилдээ “Мэдээлэлтэй байх, мэдээлэл авах эрх бол Таны үндсэн эрх ” уриан дор тэмдэглэж байна.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхийг тунхагласан.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
 
Сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрийг баяр болгон тэмдэглэхээсээ илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө  төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг уламжлалтай.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөр "Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх" дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна.
 
Мөн "Эрдэнэт"  үйлдвэр, МСНЭ хариуцан “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг эхлүүлж байна. Нийгэмд хар бараанаас илүүтэй сайн үйлсийг дэлгэрүүлсэн, хийж бүтээсэн мэдээ мэдээллийг олон түмэнд хүргэх энэхүү аян жилийн турш өрнөх юм. Аяны хүрээнд “Хамгийн сайн телевизийн мэдээ”, “Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ”, “Хамгийн сайн радиогийн мэдээ”, “Хамгийн сайн цахим мэдээ” гэсэн 4 номинацид шилдгүүдээ тодруулах юм.
 
Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг